Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Ёс зүй”-гээ хэлэлцүүлэх таван гишүүний хэн нь ч дэд хорооны хуралд оролцсонгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Өмнөх парламентуудын үед тус дэд хорооны хуралдаж байсан статистикийг харвал, 1996-2000 онд 10-аад удаа, 2000-2004 онд нэг удаа, 2004-2008 онд хоёр удаа, 2008-2012 онд гурван удаа, 2012-2016 онд хоёр удаа тус тус хуралдаж байжээ. Тэр бүр хуралдаад байдаггүй тус дэд хорооны ирц энэ удаад арай гэж бүрдсэн боловч нэр заагдсан, ёс зүйгээ хэлэлцүүлэх гишүүдийн хэн нь ч хуралдаанд оролцсонгүй.  

Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудал болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн нь хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой эсэхийг хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Л.Болд нар гадаад томилолттой, Ө.Энхтүвшин хуралдаанд оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй, М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар хурал даргалж байсан учир оролцоогүй байна.  

 

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 4-нд Ёс зүйн дэд хороонд албан бичгээр ханджээ. Уг бичигт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь тус байнгын хорооны хуралдааныг хэвийн явуулах дэгийг алдагдуулан, хуралдааныг 40 минут тасалдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ. Энэ дагуу тус Ёс зүйн дэд хорооноос Б.Пүрэвдорж гишүүнээс тайлбар өгөхийг хүссэн ч бичгээр болон өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. 

Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр бусад сайд нарыг санал хураалтад оролцуулахгүйн тулд картыг нь сугалж байгаад УИХ-ын даргад нэр цохон дуудагдаж байсан. Тэрбээр мөн л энэ үйлдлийнхээ талаар ямар нэгэн тайлбарыг Ёс зүйн дэд хороонд өгөөгүй аж. 

 

Тиймээс Ёс зүйн дэд хорооны гишүүдийн олонхын саналаар Б.Пүрэвдорж, Ө.Энхтүвшин нарыг өөрсдийг нь байлцуулж, холбогдох асуудлыг нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас хойшлууллаа

Үүний дараа хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх гурван гишүүний асуудлыг нухацтай ярилцав. “Бид уучлахгүй” төрийн бус байгууллагаас тус дэд хороонд нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн тул энэ асуудлыг шалгана уу гэсэн хүсэлт ирүүлжээ. 

Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнийн хэлснээр гурван гишүүний хоёр нь тайлбараа хүргүүлсэн байна. Мөн дэд хорооны гишүүн Д.Сарангэрэлийн хэлснээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийгөө хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар АТГ-т ханджээ. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “ТББ-аас ирүүлсэн бичигт “шалгуулах хүсэлт гаргаж байна” гэжээ. Ёс зүйн дэд хороо энэ гурван гишүүний хөрөнгө нь огцом өссөн үү үгүй юу гэдгийг яаж шалгах вэ. Бидэнд тийм эрх байгаа юм уу. Хэрэв бид шалгавал мөрдөн байцаагч болж хувирна. 

ХОМ угаасаа ил байдаг зүйл. Энд нуугаад байх зүйл байхгүй. Энэ гурван гишүүнийг шалгах гэдэг үгийг яаж ойлгох вэ. Бидэнд энэ хүмүүсийг шалгах эрх байхгүй. Энэ хөдөлгөөнийхөн АТГ-т хандаж үүнийг шалгуулах нь зүйтэй санагдаж байна. Дэд хорооноос ажлын хэсэг байгуулаад энэ гурван гишүүнээс амаар юм уу бичгээр тайлбарыг нь авах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн нэр хүнд рүү үндэслэлгүй халдах хаалгыг Ёс зүйн дэд хороо нээх ёсгүй. Би ийм зүйлд оролцохгүй” гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн М.Энхболд “Төрийн бус байгууллагаас гишүүдийн ХОМ-тэй холбоотой шалгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгөх юм бол Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ-ын Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэж тухайн байгууллагад нь хариу өг гэсэн бичиг л өгнө. Тиймээс гурван гишүүний гаргасан тайлбарыг дэд хороон дээрээ авч үзээд эргэлзээтэй зүйл байвал АТГ-т хандаж болох юм. Хэрэв асуудалгүй бол хууль зөрчсөн үндэслэл байхгүй гэж үзлээ гээд хааж болно” гэв. 

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Ёс зүйн дэд хорооны гишүүдийн саналаар хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэгдээд буй М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гурван гишүүнээс тайлбар авах нь зүйтэй гэж тогтлоо.