Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Монгол Улсад Нотариатын байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ой тохиож байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 16
iKon.MN

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд Монгол Улсын Их хурлын чуулганы 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэн, батлагдаж, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Монголын Нотариатчдын танхимаас хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд шинээр батлагдах болон нэмэлт, өөрчлөлт оруулах дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэн боловсруулах ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна.

Хуульд орсон онцлог зохицуулалтуудаас дурдвал:


Монголын Нотариатчдын танхим,
Нотариатчидтай холбоотойгоор:

- Нотариатч төрийн болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай цахим хэлбэрээр харилцан мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдлээ.

Нотариатын байгууллага үйлчилгээндээ ERP системийг нэвтрүүлж, түүгээр дамжуулан төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” системтэй холбогдсоноор дундын мэдээллийн сангаас төрийн болон хувийн эрх бүхий байгууллагуудтай мэдээллийг түргэн шуурхай солилцох хууль зүйн боломж бүрдсэн.

- Монголын Нотариатчдын танхим нь нийтийн эрх зүйн этгээд боллоо.

Ингэснээр зөвхөн нотариатчдын эрх ашгийг хамгаалах, тэдний мэргэжлийн үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэхээс гадна нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага болж байна.

- Нотариатын үйл ажиллагаа эрхлэхэд хориглох, зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, түдгэлзүүлэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулж, сахилга хариуцлагыг нэмэгдүүллээ.

- Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. 

Сахилгын зөвлөлийг бусад хуулийн байгууллагуудын зөвлөл, хорооны бүтцийн жишгээр хөндлөнгийн байгууллагын төлөөлөл оролцуулах замаар хяналтын тогтолцоог боловсронгуй болголоо.

- Нотариатын үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаарыг тогтоолоо.

Нотариатч нь төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг онцгой субъект болохын хувьд насны дээд хязгаарыг 70 нас байхаар тогтоолоо.

- Нотариатч болох босгыг өндөрсгөж, заавал хуульч мэргэжилтэй байх шалгуурыг тогтоож өглөө.

Ингэснээр нотариатчдын эрх зүйн байдал, нотариатын байгууллагын боловсон хүчний бодлого боловсронгуй болж, нотариатын үйл ажиллагааг мэргэжлийн хуульч гүйцэтгэх боллоо.

Үйлчлүүлэгчтэй
холбоотойгоор:

- Нотариатч төрийн болон холбогдох эрх бүхий байгууллагуудтай цахим хэлбэрээр харилцан мэдээлэл солилцох эрх зүйн орчин бүрдлээ.

Ингэснээр төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, шуурхай, тасралтгүй хүргэх, тэднийг чирэгдүүлэх явдлыг арилгах, нөгөөтэйгүүр төрийн болон бусад байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын ачаалал буурах ач холбогдолтой гэж үзэж байна.

- Нотариатчийн сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан хуульчиллаа.

Нотариатч бусад байгууллагуудтай цахимаар мэдээлэл солилцох боломжтой болсонтой холбоотойгоор нотариатын үйл ажиллагаанд хориглох, хүчингүй болгох үндэслэлийг нэмэгдүүлж, сахилга хариуцлагын асуудлыг нарийвчлан хуульчиллаа.

- Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацааг уртасгалаа.

Нотариатчийн хийсэн үйлдэлд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчлийг илрүүлснээс хойш2 жил болсон.

- Нотариатын архив төрийн архивт шилжих хууль зүйн орчин бүрдлээ.

Ингэснээр иргэн Таны гэрчлүүлсэн нотариатын архивын баримт төрийн найдвартай хамгаалалтад орж буй ач холбогдолтой юм.

- Нотариатын мэдэгдэх хуудас бичих асуудлыг тодорхой болголоо.

Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар хийгддэг нотариатын мэдэгдэх хуудасны зохицуулалтыг нарийвчиллаа. Мэдэгдэх хуудас нь иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, шүүхийн ачааллыг бууруулах, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад чирэгдэл багатай, асуудлыг хурдан шийдвэрлүүлэх ач холбогдолтой төдийгүй шүүхийн шийдвэрийн нэгэн адил заавал биелэгдэх хүчин чадалтай эрх зүйн баримт бичиг юм.

- “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч, хадгалах, бусдад шилжүүлэх” гэсэн Нотариатын шинэ төрлийн үйлдэл нэмэгдсэн.

Иргэний хуульд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхдээ нотариатчаар дамжуулах, ингэснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөх ач холбогдолтой юм.



Монголын Нотариатын байгууллага нь Олон улсын нотариатын холбоонд 2013 онд элсэж орсон бөгөөд Олон улсын Нотариатын холбооны гишүүн улс болохын хувьд 2019 оны 06 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Олон улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчдийн чуулга, уулзалтыг Монгол улсад 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хурал нь “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт”, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцоо” сэдвийн дор чуулсан ба хуралд дотоод, гадаадын эрх бүхий зочид төлөөлөгчид оролцлоо.

Хуралд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар өөрсдийн илгээлтийг ирүүлсэн ба Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их хурлын гишүүн Н.Оюундарь, Н.Учрал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва зэрэг төрийн дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлсэн.

Мөн Олон улсын Нотариатын холбооны ерөнхийлөгч ноён Хосе Маркинью болон Удирдах зөвлөлийн гишүүд, ХБНГУ, Франц, Швейцар, Ази тивийн үндсэн гишүүн Япон, Индонез, БНХАУ, БНСУ, Вьетнам улсын нотариатчид оролцсон бөгөөд ОУНХ-ны дүрмийн дагуу Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид тухайн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсон төдийгүй Монгол орны зан заншил, түүх соёл, байгалийн сайхантай танилцаж, Монгол улсын талаар өндөр сэтгэгдэлтэй буцсан тухайгаа уламжилсан юм.

Монгол улсад Нотариатын байгууллагын суурь 1925 оны 10-р сарын 16-ны өдөр Засгийн Газрын хуралдааны 38 дугаар тогтоолоор “Гэрээ зэргийг гэрчлэх салаа” нэртэйгээр тавигдсанаас хойш өдгөө хөгжлийн 94 дэх жилтэйгээ учран золгож байна.

Энэхүү ойн хүрээнд Монголын Нотариатчдын танхимаас дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Үүнд:  Чөлөөт цагийг хөгжөөнтэй өнгөрүүлэх зорилгоор нийт нотариатчдын дунд “Нот-караоке” хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, нийслэл, орон нутгийн салбарын нотариатчид болон Танхимын ажлын албаны ажилтан, албан хаагчид оролцож, авьяас билэг, ур чадвараа уралдууллаа.

Мөн хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх харилцан туршлага солилцох зорилгын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Нотариатчдын танхимын нэрэмжит шатрын тэмцээнийг хуулийн байгууллагуудын дунд 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Нотариатын байгууллагын түүхийг бүтээх 94 жилийн хугацаанд нотариатчид эрх зүйн баталгааг бүрдүүлэх, гэрчлэх чиг үүргээ биелүүлж, мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж ирсэн төдийгүй эрх зүйн ухамсрыг нийгэмд төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж ирлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасны дагуу төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэх,  эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Монголын Нотариатчдын танхимын нийт гишүүн нотариатч, хилийн чанадад ажиллаж байгаа дипломат төлөөлөгчийн газрын болон сумын Засаг дарга Тамгын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Та бүхэндээ Монголын улсад нотариатын байгууллага үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

МОНГОЛЫН НОТАРИАТЧДЫН ТАНХИМ МЭДЭЭЛЛИЙН АЛБА