Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мексик улс мафийн гарт алагдсан 13 цагдаагаа оршуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Мексикийн баруун бүс нутагт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн 13 албан хаагч хар тамхины мафийнхны занганд орж, бүгд алагдсан юм.

Өчигдөр тэдэнтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ Мичоакан мужийн төв Морелиа хотод болжээ.

Орон нутгийн замд машинтай явж байсан цагдаа нар руу 30 орчим зэвсэгт этгээд гал нээсэн хэрэг Даваа гарагийн өглөө гарсан юм. Халдлагыг Халиско Шинэ Үеийнхэн (испани хэлээр CJNG гэж товчилдог) нэртэй картель үйлдсэн байна.

CJNG картель одоо энэ бүс нутагт хяналтаа тогтоохын төлөө бусад гэмт хэргийн бүлэглэлүүдтэй дайтаж байгаа юм. Мексикийн ерөнхийлөгч Лопез Обрадор гэмт хэргийн бүлэглэлүүдтэй цэргийн хүчээр тэмцэж байсан өмнөх хоёр ерөнхийлөгчийн бодлого нөхцөл байдлыг улам дордуулсан гэж үздэг бөгөөд оронд нь гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэрэглэхийг уриалдаг.

Гэвч түүний хэрэгжүүлж буй арга зам хүнд сорилттой тулгараад байна. Үүнээс гадна Обрадор дүрвэгчдийг АНУ-ын хилд хүрэхээс сэргийлэхийн тулд Үндэсний Гвардын 70,000 алба хаагчийг дайчилснаар гэмт хэрэгтэй тэмцэх хүн хүчгүй болгосон гэж шүүмжлүүлж байгаа.

Даваа гарагт гарсан халдлагын талаар сэтгүүлчид түүнээс асуухад “Энэ бол хүчирхийлэл газар авсан бүс нутаг. Бид энэ мэт нийгмийн ялзралын учир шалтгааныг устгахын төлөө үргэлжлүүлэн ажиллана” гэж хариулжээ.

Үүнээс гадна цагдаагийн нэрээ нууцалсан эх сурвалжууд тэдний удирдлагууд авлигад идэгдэж, картелийн талд үйлчлэх болсныг хэвлэлд ярьсан байна.

Өөрөөр хэлбэл орон нутгийн цагдаагийн удирдлагууд аюултай гэдгийг нь мэдсээр байж гэмт хэрэгтнүүдийн урхинд албан хаагчдаа хаяж өгсөн байх магадлалтай гэнэ.

“Тэднийг зүгээр л нядалгаанд явуулсан юм” гэж нэрээ нууцалсан офицеруудын нэг ярьжээ.

Энэ удаагийн халдлагад засгийн газраас хариу арга хэмжээ авахгүй бол картелийнхан өөрсдийн хэр хэмжээг мэдэрч, улам их аллага үйлддэг болно гэж Crisis Group байгууллагын Мексикийг хариуцсан шинжээч Фалко Эрнст анхааруулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian