Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Бүх худалдаа, үйлчилгээний газар иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэгүй үйлчлэх ҮҮРЭГТЭЙ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын хэлтсээс худалдаа, үйлдвэр, үйлчилгээний газруудын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

 Захирамжийг биелүүлээгүй тохиолдолд иргэнийг 50 мянга, ААН-г 500 мянган төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалт бий
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний соёл, стандартын шаардлагыг хангуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын А/995 дугаар захирамж өнгөрсөн сарын 30-ны өдөр батлагдсан.

Захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Энэхүү захирамжид зааснаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс нийслэлд үйлчилгээ үзүүлж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд болон банк, санхүүгийн байгууллага, шатахуун түгээх станцууд иргэдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчлэх тухай тусгасан.

Үнэ төлбөргүй үйлчлэхээс гадна тухайн ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газрынхаа цэвэрлэгээ, үйлчилгээгээ ч стандартын шаардлага хангасан түвшинд байлгах хэрэгтэй.

Хэрэв аж ахуйн нэгж байгууллагууд тус захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.17-д зааснаар иргэнийг 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр, харин ААН-үүдийг 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалт бий.

Уг нь хуулийн хүрээнд үйлчилгээний байгууллагууд маань стандартын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх ёстой ч хэрэгжилт нь муу байна. Үүнийг эрчимжүүлэх үүднээс Засаг даргын захирамж гарсан" гэлээ.

Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэцэцэг “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх тухай тусгасан.

Улаанбаатар хотын хэмжээнд Худалдаа, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 1,150, ахуй үйлчилгээний чиглэлээр 3,600 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Энэ захирамжийн хүрээнд эдгээр худалдаа үйлчилгээний байгууллагууд нь иргэд, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх ёстой болж байна.

Эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчлэх нь Эрүүл ахуйн тухай хуулиар ч зохицуулагдсан байдаг" гэв.

Нийслэлийн Засаг даргын А/995 дугаар захирамж: