Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Түлүүгийн даваанд худалдааны цэг байгуулах, тохижилтын ажил эхэлжээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улсын чанартай хэвтээ тэнхлэгийн авто замын гол сүлжээ болсон Булган аймгийн авто зам дамжин өнгөрөгчдийн хувьд ачаалал ихтэй, тэр дундаа Түлүүгийн даваа нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тус даваагаар зорчин өнгөрөгсдийн үдэлж амардаг гол цэг болдог. Үүнийг дагаад ойролцоох 3-4 сумдаас айраг цагаа, жимс жимсгэнэ гээд ХАА-н бүтээгдэхүүнээ борлуулах хүсэлтэй, түүгээр амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд Түлүүгийн даваан дээр борлуулалт хийдэг бөгөөд авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс гарч буй эргүүл пост, цагдаагийнхан, мэргэжлийн хяналтынханд хөөгдөж туугдсан ч өнөөдрийг хүртэл халуунд халж хүйтэн салхи шуурганд хөлдчих шахан зогссоор ирсэн.

Аялал жуулчлалын борлуулалт нэмэгддэг тул худалдаа хийхээр 40 гаруй айл өрх ирдэг боловч зогсох газаргүйгээс үргэлж маргаан дэгддэг дээр нь орон нутгийн тээврийн том тэрэгнүүд зогсох зай талбайгүй зэргээс хаана хаанаа асуудал үүсээд байсан юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, бүтээгдэхүүнээ борлуулж амьдралаа сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор стандартад нийцсэн, аюулгүй, зам багтаамж хангалттай худалдааны цэг байгуулах ажил хийгдэхээр болжээ.

Түлүүгийн давааны одоо ашиглагдаж байгаа 20 гаруй м.кв шороон талбайг замын хоёр тал руу тэгшилж сунган машины зогсоол, худалдаа үйлчилгээний цэг, био нойл, хогийн цэг зэрэг бүтээн босголтын ажлуудыг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна.

Төслийн хүрээнд нийт 200 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхний ээлжинд 2 газар ийнхүү худалдааны цэг байгуулагдах юм. Тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Өлзий хутагын наран” ХХК-ийн захирал Ц.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани байгуулагдаад хэдэн жил болж байна вэ? Голчлон ямар ажлууд хийж байсан туршлагатай вэ?

-Манайх 12 жилийн туршлагатай эрдэнэтийн харьяат замын засвар барилгын компани. Байгуулагдсанаасаа хойш тасралтгүй орон нутгийн авто зам дээр ажиллаж байна.

-Түлүүгийн давааны энэ талбай одоо байгаагаасаа яаж өөрчлөгдөхөөр зураг төсөлдөө тусгагдсан бэ?

-Одоо ашиглагдаж байгаа газар нь ойролцоогоор 24 м.кв талбайтай байсныг 71 м.кв хүртэл сунгана. Зураг төслөөрөө орон нутгийн худалдаа үйлчилгээний цэг болгох зорилготой түүнээ дагаад авто машины зогсоол, гэрэлтүүлэг, павильонууд, био жорлон, хогийн цэг зэрэг зүйлүүд нэмж барихаар төлөвлөж байна.

-Хоёр сарын хугацаанд хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна. Төлөвлөсөн хугацаандаа хийж амжих уу?

-56 хоногийн хугацаанд хийж дуусгана гэж төлөвлөж байгаа. Одоогоор 15 ажилтан ажиллаж байна. Эхний техник тоног төхөөрөмж ирж ажил эхлээд явж байна.