Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс 45%-аар өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны есдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулсан билээ. Эндээс мөнгө, зээлтэй холбоотой статистик мэдээллүүдийг хүргэе.

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны есдүгээр сарын эцэст 20.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 60.9 (0.3%) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.5 их наяд төгрөг буюу 13.9% өссөн байна. Харин энэ дүнг 2016 оны мөн үетэй харьцуулбал бараг хоёр дахин нэмэгджээ. 

Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2019 оны есдүгээр сарын эцэст 889.8 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 35.9 (3.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 39.3 (4.2%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.

Зураг 1. Мөнгөний зарим үндсэн үзүүлэлт, сарын эцэст, тэрбум төгрөг

 
Эх сурвалж: ҮСХ

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл есдүгээр сарын эцэст 18.2 их наяд төгрөг болов. Энэ нь өмнөх сараас 105.2 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.1%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны есдүгээр сарын эцэст 985.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 3.2 (0.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 5.4 (0.5%) тэрбум төгрөгөөр буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлж байгаа нь өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны наймдугаар сарын эцэст 12.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 86.6 (0.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (14.8%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 

  • 37.1 хувийг ипотекийн зээл
  • 27.1 хувийг цалингийн зээл
  • 13.1 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
  • 10.3 хувийг хэрэглээний зээл
  • 6.7 хувийг тэтгэврийн зээл
  • 5.8 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны есдүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 59.7 (3.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 613.5 (45.1%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ.

Зураг 2. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

 

 
Эх сурвалж: ҮСХ

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.6 пунктээр өсөж. Нийт чанаргүй зээлийн 80 гаруй хувь нь хувийн салбарт хамаарч байгаа бол үлдсэн нь иргэдийн зээл байгааг дээрх зураг харуулж байна. 

 


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо