Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг улс төрөөс ангид томилж чадах уу

ikon.mn
2019 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Эрүүл мэндийн яамыг тойрсон хар бараан мэдээлэл олон нийтийн дунд эрчимтэй түгэхтэй зэрэгцэн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бямбадорж “Гадаадад суралцах болсон” гэдэг хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний хувьд 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны шалгаруулалтад нэгээр жагсаж уг албанд томилогдсон түүхтэй. Гэсэн ч өнгөрсөн зургаан сар орчмын хугацаанд түүний нэр дээр хаяглагдсан албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг таагүй мэдээлэл олноор гарснаар тэрбээр дээрх шалтгаанаар албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм.

Одоогоор хараахан тус яамныТөрийн нарийн бичгийн дарга хэн болох нь одоогоор тодорхойгүй болоогүй байгаа ч өдгөө тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал энэхүү албыг үүрэг гүйцэтгэгчээр давхар хашиж байгаа аж.  

Гэсэн ч тус яамны удирдлагуудын зүгээс өөрийн хүнийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах сонирхолтой байгаа нь үнэн. Гэхдээ тэд ийн ашиг сонирхлоо илэрхийлэхээс өмнө Төрийн албаны зөвлөлөөс зарласан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд хоёр, гуравдугаарт бичигдсэн хүмүүсээс санал болгох үүрэгтэй гэдгийгээ мартаж болохгүй юм. 

Тодруулбал уг удирдах ажилтны нөөцийн хоёрдугаарт “Хавдарын үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгжаргал эрэмбэлэгдсэн байна. Түүний хувьд ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургуулийг хүний эмч мэргэжлээр төгсөж, тус сургуульдаа докторын зэрэг хамгаалаад зогсохгүй Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуульд эрүүл мэндийн чиглэлээр магистр хамгаалсан нэгэн. Мөн салбартаа сумын эмнэлэгт эмчээс эхлээд Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж, өдгөө хавдартай өвчтнүүдийг ар гэрийнхээ хамт тохь тухтай байрлахад зориулж “Дарь эхийн өргөө”-г байгуулж, энэ чиглэлд олон улсын байгууллагуудын дэмжлэг тусламжийг хандуулах чиглэлээр санаачилгатай ажиллаж буй нэгэн билээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Төрийн албаны тухай хуулийн дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албанд томилж өгөхийг хүссэн өргөдлөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн байна. Ямартай ч улс төрийн талцал хуваагдалд оролцдоггүй, салбараа сайн мэддэг, олон улсад үнэлэгдсэн эрүүл мэндийн салбарын удирдах боловсон хүчнээ томилох эсэхийг нь харах л үлдэв бололтой. 

 

Эх сурвалж: Ipost.mn