Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос халдварт өвчтэй гахайнуудыг агнуулахаар мэргэн буучдыг хил рүүгээ илгээнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосоос Африкийн мялзан өвчний халдвартай гахайнууд хилээр орж ирэх болсон тул Өмнөд Солонгосын засгийн газар маргааш армийн мэргэн буучид, сайн анчдыг хойд хил рүүгээ илгээхээр болжээ.

Үүнээс гадна хил орчимд халдварт өвчтэй гахайнуудыг илрүүлэхийн тулд биеийн дулаан мэдрэгч камертай дрон ашиглахаар болсон байна.

Энэ сард Өмнөд Солонгосын хилээр нэвтэрсэн таван зэрлэг гахайнаас Африкийн мялзан өвчний халдвар илэрсэн юм.

Мэргэжилтнүүд үүнийг Умард Солонгосын нутагт Африкийн гахайн мялзан өвчин өргөн тархаж, хяналтаас гарсны илрэл гэж үзэж байна.

Өмнөд Солонгосын тагнуулын мэдээлэлд өгүүлснээр Умард Солонгосын бараг бүх нутаг дэвсгэрт халдварт өвчин тархаад байгаа ба баруун бүсийн Умард Пёнган мужийн бүх гахайн сүрэг устсан гэжээ.

Ингэснээр тус улсын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орж, хүн амын дунд өлсгөлөн, шим тэжээлийн дутагтал үүсэх магадлалтай юм. Гахайн мах нь Умард Солонгосын хүн амын уургийн хэрэгцээний 80 хувийг хангадаг байна.

Хэрвээ хилийн дагуу зэрлэг гахай агнах ажиллагаа үр дүнтэй нь батлагдвал Өмнөд Солонгосын засгийн газар мэргэн буучид, анчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Өмнөд Солонгос улс өнөөдрийг хүртэл Африкийн мялзан өвчний халдвартай 154,548 гахайг устгаад байна.

 

Эх сурвалж: Bloomberg