Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Халимагууд Донбассын салан тусгаарлагч Элистэй хотын даргаар томилогдсоныг эсэргүүцэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Элистэй хотын захирагчаар томилогдсон Дмитрий Трапезников

Өчигдөр буюу Ням гарагт ОХУ-ын Халимагийн БНУ-ын нийслэл Элистэй хотод 2,000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ.

Тус хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр Украинаас Донбассыг салан тусгаарлах дайныг удирдаж байсан хүмүүсийн нэг Дмитрий Трапезниковыг томилсон нь иргэдийг бухимдуулж байгаа юм. 

Яблоко намын орон нутгийн салбарын төлөөлөгч Батыр Боромангнаевын мэдээлснээр энэ удаагийн жагсаалд 300 хүн оролцуулах зөвшөөрөл авсан ч  үүнээс найм дахин их хүн цугларсан гэнэ.

Есдүгээр сарын 26-нд Элистэй хотын захирагчаар томилогдсон Дмитрий Трапезников нь Краснодар хотод төрж, дорнод Украины аж үйлдвэрийн хот Донецкт өссөн хүн юм. Тэрээр Халимагтай ямар ч хэлхээ холбоогүй хүн гэнэ.

Халимагуудын зарим нь нутгийн биш, гадны хүн томилогдсоныг эсэргүүцэж байгаа бол зарим нь түүнийг Донбассын салан тусгаарлах дайнд оролцож байсан шалтгаанаар эсэргүүцэж байна.

Харин Халимагийн засгийн газрын тэргүүн Бату Хасиков хэдийгээр орон нутгийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй ч түүнийг хямралыг сайн зохицуулдаг, туршлагатай менежэр гэж өмөөрсөн юм.

Одоо 38 настай Трапезников 2001-ээс 2005 оны хооронд Шахтар Донецк хөлбөмбөгийн багийн менежмэнтийн багт ажиллаж байжээ. Дараа нь Украины дорнод хэсэгт дайн эхлэхэд салан тусгаарлагчдын удирдлагад дэвшсэн байна.

2018 онд Донецкийн салан тусгаарлагчдын удирдагч Александр Захарченко алагдахад Трапезников хэсэг хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Есдүгээр сард болсон Трапезниковыг огцруулахын төлөө анхны жагсаалыг зохион байгуулалцсан сэтгүүлч Бадма Бюрчиевт $312-той тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах шийдвэрийг Халимагийн эрх баригчид Баасан гарагт гаргасан юм.

Түүнийг зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсанд буруутгасан байна. Гэхдээ Бюрчиев энэхүү арга хэмжээнд сошиал сүлжээгээр санаа нийлсэн хүмүүс сайн дураар оролцсон, харин хэн нэгэн зохион байгуулаагүй гэж тайлбарлаад шийтгэлийг эсэргүүцжээ.

 

Эх сурвалж: ТАСС, UNIAN