Бүх шатны сургуулийг 2018-2019 оны хичээлийн жилд 102.6 мянган суралцагч төгссөн байна.
Үндэсний Статистикийн Хорооны мэдээлж буйгаар эдгээрийн:
ЕБС-ийг төгсөгчдийн 41.9 мянга нь суурь боловсрол (9 дүгээр анги)-ыг, 16.4 мянга нь бүрэн дунд боловсрол (12 дугаар анги)-ыг эзэмшигчид байна.
12 дугаар ангийг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 24.1 мянга буюу 59.4 хувиар буурсан байна. Энэ нь ЕБС-ийн систем 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой болно.
Энэ тухай салбарын сайд Ё.Баатарбилэг "Энэ жил өмнөх жилүүдээс 50-60 хувиар бага элсэлт авлаа. МУИС, ШУТИС 5,000 орчим элсэгч авдаг байсан бол 2,000 гаруйг л авсан байна. Жилийн жилд 30 орчим мянган хүүхэд элсдэг юм. Энэ жил 10 гаруй мянган хүүхэд л элслээ.
Энэ нь манай төрийн ч бай, хувийн ч бай их, дээд сургуулиудад маш том сорилт болно. Учир нь энэ сургуулиуд сургалтын төлбөр дээр амьдраад байгаа юм. Цаашдаа чанаржаад, нэгтгэгдээд, гадна, дотны төсөл хөтөлбөрүүдээс санхүүжилт авдаг болох хэрэгтэй байна" гэж байв.
График 1, Бүх шатны сургуулийг төгсөгчид, мянган хүн
Тэгвэл их, дээд сургууль, коллежийг 2018-2019 оны хичээлийн жилд нийт 23.0 мянган оюутан төгссөн нь өмнөх оны хичээлийн жилээс 6.2 мянга буюу мөн л 21.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Их, дээд сургууль төгсөгчдийн 58.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Харин мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгсөгчид өмнөх оны хичээлийн жилээс 0.7 мянга буюу 3.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт төгсөгчдийн 39.6 хувь нь эмэгтэйчүүд байна.