Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Техаст гэртээ байсан хар арьст эмэгтэйг цагдаа буудаж хөнөөсөн хэрэг гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт хөршийнд нь дуудлагаар ирсэн цагдаа хар арьст эмэгтэйг гэртээ байхад нь буудаж хөнөөжээ.

Хохирогч эмэгтэй, 28 настай Ататиана Жефферсоны хөрш түгжигдсэн хаалгаа гаднаас нь нээлгэхээр цагдаа дуудсан байна. Гэтэл ирсэн цагдаа нар хөршийнх нь байшингийн гадна шалгалт хийж байснаа цонхоор харсан эмэгтэйг шууд буудаж хөнөөжээ.

Үүнийгээ тэд “аюул тулгарсан” гэх шалтгаанаар зөвтгөсөн байна. Гэвч цагдаа нарын биед зүүсэн камерны бичлэгтэй танилцсан Жефферсоны өмгөөлөгч хохирогчийн зүгээс цагдаад ямар нэг аюул учруулсан зүйл огт байхгүй байгааг мэдээлжээ.

Тухайн үед хохирогч эмэгтэй найман настай зээгээ хараад гэртээ байсан гэнэ.

Жефферсон ямар шалтгаанаар буудуулсныг гэр бүл, төрөл саднууд нь ойлгохгүй байгаагаа хэвлэлд ярьжээ.

Дуудлага өгсөн хөрш Жэймс Смит “Би маш ихээр балмагдаад байна. Миний алдаанаас болж хүн алагдлаа. Би хэрвээ цагдаа дуудаагүй байсан бол тэр амьд байх байсан юм” гэж ярьсан байна.

Форт Уортын цагдаагийн газар мэдэгдэлдээ хохирогчийн гэрээс сүүлд галт зэвсэг олдсон тухай мэдээлжээ. Гэхдээ цагдаад буудуулах үедээ хохирогч эмэгтэй буутай байсныг батлаагүй байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн 2020 оны сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намаас өрсөлдөж байгаа Берни Сандерс “Гар хоосон хар арьст Америкчуудыг алах явдлыг зогсоох ёстой. Ататиана Жефферсон амьд байх ёстой хүн” гэж твиттер хуудсандаа мэдэгдээд уг хэргийг нарийвчлан шалгахыг хууль зүйн яаманд уриалжээ.

Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Техасын Даллас хотын цагдаагийн офицер эмэгтэй Амбер Гуйгер гэрээ андуурч айлд ороод гэмгүй хар арьст залууг буудаж хөнөөснийхөө төлөө шүүхээс 10 жилийн хорих ял сонссон юм.

 

Эх сурвалж: Associated Press