Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Курдийн дайчид Сирийн засгийн газрын цэрэгтэй хамтран Туркийн эсрэг тулалдахаар тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Сирийн хойд хэсэгт байрлаж байгаа Курдийн зэвсэгт бүлэглэл Туркийн довтолгоог эсэргүүцэх байлдааны ажиллагаанд хамтран ажиллах тохиролцоог Дамаскийн засгийн газартай байгуулснаа Ням гарагт зарлажээ.

Тус бүлэглэлийн Фэйсбүүк хуудсанд “Туркийн түрэмгийллийг зогсоохын тулд Сирийн засгийн газартай хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Үүний үр дүнд Сирийн армийн цэргүүд Сири-Туркийн хилд ирж манай бүлэглэлд туслах болно” гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдэгдлийн өмнө Сирийн төрийн мэдээллийн SANA агентлаг мэдээлэхдээ засгийн газар Туркийн түрэмгийллийг зогсоохын тулд хойд хил рүүгээ цэрэг илгээж байгааг дурджээ.

Ням гарагт Туркийн зэвсэгт хүчин болон тус улсын дэмждэг зэвсэгт бүлгүүд Сирийн газар нутгийн гүн рүү давшилтаа үргэлжлүүлсэн юм.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын засаг захиргаа тус бүс нутгаас 1,000 орчим цэргээ татаж байгааг зарлажээ.

Олон жилийн турш хавчигдан гадуурхагдаж байсан Курд үндэстнүүд 2011 онд Сирид дайн эхэлсний дараа тус улсын 30 орчим хувийг эзэлдэг бүс нутагт албан бус автономит засаглалаа тогтоосон юм.

2014 онд Исламын улс террорист байгууллагын түрэмгийлэл эхлэхэд Курдийн зэвсэгт бүлэглэл газар нутгаа хамгаалж, АНУ тэргүүтэй холбоотнуудын гол түшиг тулгуур болж байв.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган энэхүү ажиллагааныхаа зорилгыг Сирийн хил дотор 30-35 км өргөн, Кобанигаас Хасакех хүртэл 440 км урт үргэлжилсэн “аюулгүйн бүс” байгуулж, Сирийн дүрвэгчдийг байрлуулах гэж тодорхойлж байгаа.

Энэ далимд тэр Туркийн хувьд салан тусгаарлагчид гэгддэг Курдийн зэвсэгт бүлэглэлийн хүчийг сулруулж, хилээсээ холдуулах зорилготой байна.

 

Эх сурвалж: AFP