Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Франц, Герман улсууд Турк улсад зэвсэг нийлүүлэхээ зогсоож, Туркийн багийн үйлдлийг UEFA шалгаж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сирийн Курд иргэдийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг нь эсэргүүцсэн Герман, Франц улсууд Турк улсад зэвсэг нийлүүлэхээ зогсоож байгааг Бямба гарагт зарлажээ.

Хоёр улсын гадаад хэргийн болон батлан хамгаалах яамдын гаргасан хамтарсан мэдэгдэлд Франц улс Туркэд худалдахаар төлөвлөөд байсан бүх цэрэг дайны зориулалттай бараа бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг зогсоох болсныг зарласан байна.

Туркийн зэр зэвсгийн гол нийлүүлэгч Герман улс мөн ийм шийдвэр гаргажээ.

Франц, Германаас гадна Финланд, Норвеги, Нидерланд зэрэг улсууд бас цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүнээ Турк улсад нийлүүлэхээ зогсоосон юм.

Даваа гарагт Люксембургт болох Европын Холбооны гадаад харилцааны хорооны уулзалтаар Туркийн Сирид явуулж буй байлдааны ажиллагаанд Европ тив ямар байр суурь баримтлахыг хэлэлцэх гэнэ.

Өчигдөр бас Европын хэд хэдэн хотод Туркийн армийн байлдааны ажиллагааг эсэргүүцэж, Сирийн Курдуудыг “золигт гаргасан” Дональд Трампын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн олон мянган хүний жагсаал болсон байна.

Бямба гарагт Европын хөлбөмбөгийн холбоо Туркийн шигшээ багийн тэмцээний үеэр гаргасан үйлдлийг шалгах болсныг зарлажээ.

Баасан гарагт 2020 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шалгаруулах тоглолтод Туркийн шигшээ баг Албанийн шигшээтэй Истанбул хотод өрсөлдсөн юм.

Энэ үеэр гоол хийснийхээ дараа Туркийн шигшээ багийн тамирчид цэргийн ёсолгоо хийж үзүүлжээ. Уг үйлдэл нь тус улсын армийн Сирид явуулж буй байлдааны ажиллагааг дэмжсэн эх оронч үзлийн илэрхийлэл гэгдэж байв.

UEFA-гийн хэвлэлийн төлөөлөгч Филип Таунсэнд “Тэмцээний үеэр улс төрийн болон шашны агуулгатай үйлдэл гаргахыг хориглодог. Дээрх хэргийг UEFA нягтлан шалгахыг би амлаж байна” гэж Италийн Ansa агентлагт өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP