Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Токио хотыг сүүлийн 60 жилийн хамгийн хүчтэй хар салхи дайрах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Далайн хүчтэй хар салхи Японы арлуудыг чиглэн ирж байгаагаас нийслэл Токио хот сүүлийн 60 жил үзээгүй байгалийн гамшигтай тулгараад байна.

Үүний улмаас нийслэл хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд зогсож, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаан завсарлажээ.

Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай Хагибис хар салхи өнөөдөр буюу Бямба гарагт Хоншю аралд хүрэх юм.

Хагибис нь 1958 оноос хойш Токио хотыг дайрч байгаа хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож байна. 1958 онд дайрсан Ида хар салхины улмаас 1,000 гаруй хүн амиа алдаж байв.

Дөнгөж сарын өмнө өөр нэг хүчтэй хар салхи Японы арлуудыг дайрахад иргэдийн 30,000 сууц сүйрч, цахилгаан эрчим хүчний урт тасалдал үүссэн юм.

Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авахыг сайд нарын танхимдаа даалгажээ.

Японд үргэлжилж байгаа Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдөр болох байсан хоёр тоглолт цуцлагдсан бол маргааш Япон, Шотландын багуудын тоглолт хугацаандаа болох эсэх нь эргэлзээтэй байна.

Formula One Grand Prix уралдааны Бямба гарагт болох бүх арга хэмжээнүүд Ням гараг хүртэл хойшлогджээ.

ANA, Japan Airlines зэрэг Японы авиа компаниуд Баасан гарагийн үдээс хойшоос эхлэн зарим нислэгүүдээ цуцалсан байна.

Токио, Нагояа болон Нагояа, Осакагийн хурдан галт тэрэгний үйлчилгээнүүд өнөөдөр ажиллахгүй бол Токиогийн метроны ихэнх чиглэлийг өнөөдөр бүрэн зогсоожээ.

Токио хотын Диснейлэнд өнөөдөр үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай зогссон тохиолдол болж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters