Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүкийн Либра дижитал валютын төсөл хэд хэдэн дэмжигчээ алдлаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Либра дижитал валютыг зах зээлд нэвтрүүлэх зорилготой Фэйсбүүк компанийн төслөөс чухал дэмжигчид нь гарч байгаагаа зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногт уг төслөөс PayPal төлбөр тооцооны компани гарсан. Тэгвэл өчигдөр Mastercard, Visa, eBay, Stripe компаниуд гарч байгаагаа мэдэгджээ.

Ингэснээр дэлхийн хэмжээнд хэрэглэгдэх дижитал валют бий болгох зорилготой Фэйсбүүк компанийн төсөл хүнд байдалд орж байна. Либра төслийг АНУ-ын эрх баригчид, улс төрчид хүчтэй эсэргүүцэж байгаа. Европын Холбооны гол улс орнууд ч зах зээлдээ нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдээд байна.

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг аравдугаар сарын 23-ны өдөр конгрессын санхүүгийн үйлчилгээний байнгын хороонд Либра төслийн талаар мэдээлэл хийх юм.

Либра дижитал валютыг ашиглан мөнгө угаах хууль бус үзэгдэл нэмэгдэнэ гэсэн болгоомжлол эрх баригчдад байгаа.

Латин Америкийн зах зээлд үйлчилгээ үзүүлдэг төлбөр тооцооны Mercado Pago компани мөн Либра төслөөс гарч байгааг өчигдөр хэвлэлүүд мэдээлсэн байна.

Анх Либра төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн томоохон 28 компани, байгууллага Libra Association нэртэй холбоог байгуулж, гишүүнээр нэгдэж байжээ.

Тэгвэл эднээс одоогийн байдлаар зургаан компани гараад байна. Анх Libra Association холбоонд төлбөр тооцооны зургаан компани нэгдэж байсан бол өнөөдөр тэднээс ганцхан PayU үлджээ. PayU нь Нидерландад бүртгэлтэй компани юм.

Гишүүнчлэлээс гарсан компаниуд тайлбарлахдаа Либра төслийг хүндэтгэж байгаа ч үүсгэн байгуулагчдын түвшинд ажиллах боломжгүйгээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC