Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сири дэх АНУ-ын цэргүүд Туркийн их бууны галд өртөх шахжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Сирийн зүүн хойд хэсэгт Курдын хяналтын Кобани хотод байрлаж байсан АНУ-ын цөөн тооны цэргүүд Туркийн армийн их бууны галд өртөх шахсныг хэд хэдэн эх сурвалж мэдээлжээ.

Туркийн байрлалаас буудсан их бууны сум оройн 9:00 цагийн орчимд АНУ-ын цэргүүдийн байрлалаас хэдхэн зуун метрийн зайд туссаныг Пентагоны албан хаагч баталсан байна.

“Шууд тулаан эхлүүлж болзошгүй үйлдлээс зайлсхийхийг АНУ-ын тал Туркээс шаардаж байна” гэж АНУ-ын тэнгисийн хүчний ахмад Брүк ДэУолт мэдэгджээ.

“Туркийн арми манай цэргүүдийн байрлалын координатыг сайн мэдэж байгаа. Бид тэдэнд бүх мэдээллийг дамжуулж байгаа. Гэхдээ зайлшгүй тохиолдолд АНУ-ын цэргүүд өөрийгөө хамгаалах үйлдэл хийх эрхтэй” гэж АНУ-ын армийн командлагч Марк Милли анхааруулсан байна.

Харин Туркийн батлан хамгаалах яам АНУ-ын цэргийн байрлалаас 1,000 орчим метрийн зайтай цэгээс өөрийнх нь байрлал руу гал нээсэн тул хариу арга хэмжээ авсан гэж тайлбарлажээ.

Америк цэргүүдийн ойролцоо сум туссан тухай мэдээлэл авмагц галаа зогсоосон гэж мөн мэдэгдсэн байна.

Турк улс Сирийн зүүн хойд нутагт байлдааны ажиллагаа эхлүүлээд гурван өдөр болж байгаа. Энэхүү ажиллагааны улмаас тухайн бүс нутагт оршин сууж байсан 100,000 орчим иргэн орон гэрээсээ дүрвэж, амиа алдагсдын тоо хэдэн зууд хүрээд байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

 

Эх сурвалж: Business Insider