Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Хятадын худалдааны хэлэлцээрт ахиц гарч, татварын өсөлтийг хойшлууллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Вашингтон хотод хоёр өдөр үргэлжилсэн Америк-Хятадын худалдааны яриа хэлэлцээ амжилттай өндөрлөснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой зарлажээ.

Талууд хэлэлцээрийн “нэгдүгээр шатны тохиролцоо”-г хийж чадсан гэж тэр мэдэгдсэн юм. Үүнд Хятадын тал АНУ-аас авах хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, санхүү болон технологийн салбарын зохицуулалтаа уян хатан болгож өөрчлөхөөр болсон байна.

Хэлэлцээрт Хятадын талыг ахалсан засгийн газрын шадар сайд Лю Хэ ахиц гарсанд сэтгэл хангалуун байгаагаа мөн мэдэгджээ.

Хэрвээ энэ удаа тохиролцоонд хүрч чадаагүй бол Вашингтон аравдугаар сарын 15-наас Хятадын зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан юм.

Тэгвэл яриа хэлэлцээр амжилттай болсон тул татвар нэмэгдүүлэх шийдвэр хойшлогдож байна.

Энэ удаагийн ярьж тохиролцсон зүйлсийг Дональд Трамп, Ши Жиньпин нар арванхоёрдугаар сард Чилид болох НҮБ-ын чуулганы үеэр уулзахдаа батлахаар болжээ.

Албан ёсоор зарлаагүй ч Хятадын тал АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах хэмжээгээ $40-$50 тэрбумаар нэмэгдүүлэх болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Америк-Хятадын худалдааны дайн сүүлийн 15 сарын турш үргэлжилж, харилцан бие биеийнхээ олон тэрбумын дүнтэй бараанд импортын өндөр татвар оноогоод байгаа.

АНУ-ын тал оюуны өмчийн хамгаалалтыг нэмэгдүүлж, технологийн хулгайг зогсоохыг Хятадын талаас шаардаж байгаа юм. Бас төрөөс дотоодын компаниуддаа дэмжлэг үзүүлдэг байдлыг багасгаж, Америкийн компаниудад тэгш боломж олгохыг Бээжингээс шаардаж байгаа.

 

Эх сурвалж: BBC