Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Тэмүүжин: Технологийн мэдлэгтэй залуусыг ажилд авах хэрэгцээ өндөр байна

www.ulaanbaatar.mn
2019 оны 10 сарын 17
ulaanbaatar.mn
Зураг зураг

iO институтын захирал Б.Тэмүүжингээс зарим зүйлийг тодрууллаа.

- Чухам яагаад мэдээллийн технологийн буюу программ хөгжүүлэх институт байгуулахаар шийдсэн юм бэ?

- Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн салбарт томоохон хувьсгалууд гарч байгааг дурдах нь зүйтэй болов уу. Монголд ч гэлтгүй дэлхийн маш олон орнуудад мэдээллийн технологийн чиглэлээр ажилд авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Монгол Улсын хувьд мэдээлэл технологийн салбарт ажиллах хүчний хомстол бий болсон энэ нь үндсэн хоёр шалтгаанаас үүдэлтэй гэж харж байгаа. Үүнд чадварлаг боловсон хүчин маань гадаад улсын компаниудад ажиллахаар явсан нөгөөтээгүүр мэдээллийн технологийн чиглэлээр суралцан төгсөж буй мэргэжилтнүүдийн тоо хэмжээ цөөн байгаатай холбоотой. Иймд мэдээллийн технологид суурилсан институт байгуулах нь цаг үеээ олсон зүйл гэж бодож байна.

- IO гэдэг нэршилээ тайлбарлана уу? Юу гэсэн үгийн товчлол вэ?

- IO гэдэг нь Input буюу орц, Output буюу гарц гэсэн үгийн товчлол юм. Ерөнхий дүр зургаар харвал программ гэдэг нь ямар нэгэн мэдээлэл дамжин ороод боловсруулагдаад гарахдаа хүнд ямар нэгэн байдлаар хэрэгцээт мэдээлэл болон хувирна гэсэн утгаар ойлгож болно. Мөн аливаа бизнес болоод үйл ажиллагаа энэ зарчим дээр явагддаг. Энэ утгаараа манай институтэд анх программ бичих чадваргүй суралцагч хамрагдаад энэ тухайд тодорхой мэдлэг, чадвартай болж бэлтгэгдэнэ гэсэн утга санааг билэгдэж энэ нэрийг өгсөн.

- Хамтран ажилладаг байгууллагуудаа бидэнд танилцуулаач?

- Хамтын ажиллагааны хүрээнд хамгийн том түнш маань мэдээж Санхүү эдийн засгийн их сургууль байна. Cуралцагчиддаа академик орчинд суралцуулах мөн чанартай мэдлэг, чадвар олгоход СЭЗДС маш томхон оролцоотой байгаа. Институтэд маань хичээллэж байгаа бүхий л хичээлүүд кредит цагийн системээр тооцогдох тул төгсөгчид маань Санхүү эдийн засгийн их сургуульд дэвшин суралцах боломжтой. Мөн тус сургалтыг Тайваний Азийн их сургуулийн албан ёсны хөтөлбөрөөр хичээллүүлж дэлхийн жишигт нийцэхүйц боловсролыг олгох юм.

Одоогоор дотоодын технологи суурьтай компаниуд болох UbCab, Mongol iD, Bloomberg TV Mongolia мөн Ард санхүүгийн нэгдэл, Нэткапитал зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны хүрээнд төгсөгчдөө ажиллуулахаар гэрээ хийгдэж байна.

Нэмж хэлэхэд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас санаачилж буй 10K буюу арван мянган программист бэлтгэж гаргах зорилготой төслийн хүрээнд манай байгууллагатай хамтарч ажиллахаар болсныг тэмдэглэх нь зүйтэй.

- Сургалтын үндсэн чиглэл, зорилт юу вэ?

- Мэдээлэл технологийн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж зах зээлд нийлүүлэх, одоогоор ажил эрхэлж байгаа залуучуудад давхар мэргэжил эзэмшүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

Олон тооны чадварлаг технологийн мэрэгжилтэн бэлтгэснээр гадаад улсаас ирэх захиалгат ажлыг гүйцэтгэх чадвартай олон тооны багуудыг бүрдүүлэх боломжтой юм. Ингэснээр Монгол Улсдаа ажиллангаа захиалагч оронд ажилласан мэт өгөөж, цалин, үр шимийг хүртэх боломжтой болно гэж харж байна. Үүнээс гадна институт маань бизнес болоод бусад секторт тулгамдаж буй асуудлыг технологид суурилсан байдлаар шийдвэрлэх ухаалаг шийдэл олоход чиглэх юм.

- Жилийн дотор ямар түвшний программ хөгжүүлэгчийг бэлтгэх вэ?

- Мэдээж программын суурь ойлголтуудыг хангалттай ойлгох түвшний технологид суурилсан төсөл хөтөлбөрүүдэд ажиллах боломжтой мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилготой байна. Төгсөгчид маань гар утас болон веб-д суурилсан, суурь программ хангамжийг бичих чадвар бүхий мэргэжилтэн болж төгсөнө.

- Элсэлтээ хэзээнээс авч эхлэх вэ?

- Одоогоор нэг жилийн эрчимжүүлсэн сургалтандаа элсэлт аваад эхэлсэн байгаа.  Програм хангамжаар суралцах, мэргэших сонирхолтой бүхий л насны хүнд зориулсан, мэргэшсэн програм хангамжийн хөгжүүлэгч бэлтгэх зорилготой тус хөтөлбөр нь уламжлалт дөрвөн жилийн хөтөлбөрийг ганцхан жилд багтаан олгодогоороо онцлогтой.

- Бусад сургалтаас ялгарах давуу талаа дурдана уу?

- Төгсөгчдийн дунд байдаг түгээмэл асуудал бол төгсөөд гарахдаа хангалттай хэмжээний туршлагагүй, ажилд ороод нэг хүртэлх жилийг зайлшгүй дадлагажих байдлаар ажиллаж өнгөрүүлдэг. Ингээд бодохоор дөрвөн жил сураад дахин нэг жил дадлагажаад хангалттай хэмжээнд код бичдэг болдог, цаг хугацаа их алддаг гэсэн үг. Мөн төгсөөд гарахдаа ажлын байргүй байдаг. 

Тэгвэл манай суралцагчид маань институтэд суралцангаа хоёр хүртэлх өөрийн оюуны бүтээлтэй мөн технологид суурилсан төслүүд дээр ажилласан туршлагатай болоод төгсөх юм. Энэ нь тухайн оюутанг төгсч гараад ажилд орох мөн олон улсын сургуулиудад дэвшин суралцах, томоохон хөшүүрэг болно гэж харж байгаа.

- Багш нарынхаа ур чадварыг бидэнд танилцуулна уу?

- Багш нарын хувьд гадаадын их дээд сургуулиудад магистр зэрэгтэй төгссөн 5-7 жилийн програм хангамжийн компанид хөгжүүлэлт хийсэн, багшилж байсан туршлагатай боловсон хүчин байна. Мэдээж багш нар маань СЭЗДС-ийн багш ажилчдад тавигддаг шаардлагын дагуу багаа бүрдүүлсэн.

- Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцана уу?

- Цаашдаа технолгийн зохих түвшний мэдлэгтэй, чадвартай мэргэжилтэнг ажилд авах хэрэгцээ улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа. Иймд програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болон мэргэжлийн програм хангамжийн инженерүүдэд зориулан AI, BLOCKCHAIN, IOT, BIGDATA гэх зэрэг ирээдүйд бизнесийн салбарт хүч түрэн гарч ирж буй шинэ технологиудын талаар ахисан шатны мэдлэг олгох мэргэшсэн хөтөлбөр болон UI, UX дизайны хөтөлбөр мөн зуны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Олон улсын сургуулиудтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж суралцагчдаа олон улсын сургуулиудад дадлага хийлгэх, мэргэшүүлэх мөн магадлан итгэмжлэгдсэн дипломтой төгсөх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Эх сурвалж: www.ioi.mn