Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутертегийн хэвлэлийн төлөөлөгч Сальвадор Панело саяхан тус улсын нийслэл Манилад замын түгжрэл байхгүй, иргэд ажилдаа ирэхийн тулд өглөө эрт босоход хангалттай гэж яриад шүүмжлүүлсэн юм.

Бухимдсан иргэд сошиал сүлжээнд уриалга гаргаж, Панелог нэг өдөр ажилдаа нийтийн тээврээр ирж, замын түгжрэлийг биеэр мэдрэхийг шаарджээ.

Ингээд өнөөдөр өглөө тэр иргэдийн шаардлагыг хүлээн авч, автомашинаар бус, нийтийн тээврээр ажилдаа ирсэн байна.

Панело өглөөний 5:15 цагт гэрээсээ гарч, дөрвөн автобус дамжин ерөнхийлөгчийн ордны үүдэнд ирэхэд цаг 8:30 болж байжээ.

“Автобуснууд дандаа дүүрэн ирж байсан тул автобус хүлээхэд хамгийн их цаг зарцууллаа. Нэг удаа бүр 35 минут хүлээсэн” гэж тэр радиод ярьсан байна.

Панело энэ аялалдаа сэтгүүлчдийг дагуулж явахаас татгалзсан бөгөөд харин замын турш сэлфи хийж сошиал сүлжээнд нийтлэн баримтжуулж байжээ.

 

Хэдийгээр ажилдаа ирэхдээ гурван цаг гаруй хугацаа зарцуулсан ч Панело байр сууринаасаа ухарсангүй, Манила хотод замын түгжрэлийн асуудал алга гэж дүгнэсэн байна. Филиппин хүмүүс “бүтээлч сэтгэлгээ” сайтай тул хэцүү нөхцөл байдалд зохицон амьдрах чадвартай гэж тэр иргэддээ урам өгчээ.

 

Эх сурвалж: The Guardian