Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийг гадаадын иргэнтэй гэрлэхийг хориглох хууль Өмнөд Солонгост хэрэгжинэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан түүхтэй эрчүүдэд гадаадын иргэн эмэгтэйтэй гэр бүл зохиохыг хориглох хууль Өмнөд Солонгост хэрэгжихээр болжээ.

Ирэх оны аравдугаар сараас эхлэн цагаачлалын хуулинд ийм заалт нэмж орохоор болсныг тус улсын хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.

Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гадаадын иргэнтэй гэрлэхийг хориглохоор болжээ.

Ийм хууль хэрэгжих болсон шалтгаан нь өнгөрсөн долдугаар сард Өмнөд Солонгосын нийгмийг шуугиулсан нэгэн хэрэг гарсантай холбоотой. Тухайн үед 36 настай эрэгтэй вьетнам эхнэрээ хоёр настай хүүгийнхээ дэргэд зэрлэгээр зодож байгааг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан юм.

Сүүлд тэр эрэгтэй цагдаад мэдүүлэг өгөхдөө өөрийгөө согтуу байсан, эхнэрээ солонгос хэлээр муу ярьдагт уурлаж зодсон гэж ярьжээ.

Хэргийн дараа хүний эрхийн байгууллагууд вьетнам эмэгтэйг хүүгийнх нь хамт хамгаалалтад авч, хугарсан хавиргыг нь эмчилсэн байна.

Энэхүү хэргийн дараа Өмнөд Солонгосын олон нийт гадаадын иргэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад анхаарал хандуулахыг засгийн газраасаа шаардаж эхэлсэн юм. 

Сүүлийн байдлаар жил бүр 6,000 орчим эмэгтэй Өмнөд Солонгосын иргэнтэй гэрлэдэг болсноор Вьетнам улс Хятадыг гүйцэж, хамгийн олон бэр нийлүүлэгч улс болсныг тус улсын Ханой дахь элчин сайдын яам мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian