Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: ОУПХ-ноос С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг зөвлөсөн

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь болон Арабын Нэгдсэн Эмират улсуудад Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцэх бол үдээс хойших хуралдаанаар шахмал түлштэй холбоотой С.Бямбацогт гишүүний асуулгыг хэлэлцэх юм. Мөн бусад асуудлыг цаг сунган хэлэлцэх болсныг УИХ-ын дарга танилцуулсан. 

Ийнхүү гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан үг хэлж, горимын санал гаргав. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүдийн өчигдөр хийсэн мэдээллийн талаар тайлбар хийх нь зүйтэй байх гэж бодлоо. УИХ-аас байгуулагдсан Түр хороо ажлаа хийх хэрэгтэй байна. ОУПХ-ноос ирүүлсэн албан бичгийг есдүгээр сарын 6-нд 12 хүн авсан байх ёстой. Ж.Батзандангийн цахим шууданд ирчихсэн байгаа. Та цахим шуудангаа шалгаж бай. Энэ албан бичгийг орчуулах ажил есдүгээр сарын 7-ноос ГХЯ-нд эхэлсэн. Гэтэл ГХЯ-ны хэлстийн даргыг халж байж дарагдсан байсан бичиг баримтыг ил болголоо гэж худал ярихаа боль. Л.Болд гишүүн зургаан удаа парламентад сонгогдсон, ГХ-ийн сайд хийж байсан хүн ийм байдлаар асуудалд ханддагаа боль. 

ОУПХ дүгнэлтийнхээ төгсгөлд С.Зоригийн хэргийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байхыг зөвлөсөн байна. Монгол Улс саарал жагсаалтад орох гэж байгаа эгзэгтэй үед ОУПХ-ны дүгнэлтийг барьж худал мэдээлэл тарааж болохгүй. 

Өнөөдрийн хэлэлцэх асуудлын хамгийн сүүлд байгаа Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үдээс өмнө хэлэлцүүлж өгнө үү гэдэг хүсэлтийг УИХ-ын гишүүн М.Билэгт гаргав.

Тэрбээр "Иргэдийг хавдрын эрт оношлогоонд хамруулдаг болох хуулийн төслийг нэр бүхий гишүүн 2017 онд өргөн барьсан. Харин 2018 онд УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Энэ хуулийн төслийг хоёр жил хойш тавьсаар байгаад одоо л хэлэлцэх гэж байна. Өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар шахмал түлшний асуудлаарх гишүүний асуулгыг хэлэлцэх учраас Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг түүний өмнө хэлэлүүлж өгнө үү" хэмээсэн юм. 

Ийнхүү хэлэлцэх асуудлыг гуравдугаарт иргэдийн хавдрын эрт үеийн шинжилгээнд хамруулдаг болох хуулийн төслийн хэлэлцүүлэхээр боллоо. 

Харин одоо БНБУ, АНЭУ-д дипломат төлөөлөгчийн газар нээх асуудлыг хэлэлцэж байна.