Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хамгийн урт удаан үргэлжилсэн хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Тэрээр өчигдөр өглөө Киев хотын нэгэн ресторанд 300 орчим сэтгүүлчийн асуултад хариулах марафоныг эхлүүлсэн байна. Ингэхдээ Зеленский 10 хүртэл сэтгүүлчтэй ширээ тус бүрт 30 минутыг зарцуулжээ.

Өглөө эхэлсэн хурал орой өндөрлөхөд нийт 12 цаг гаруй хугацааг зарцуулсан байна. Зеленскийн хэвлэлийн албаны дарга Юлия Мендел ерөнхийлөгч нь өмнөх дээд амжилтыг 45 минутаар ахиулсныг зарлаж, Украины Үндэсний Дээд Амжилт Бүртгэлийн газар өргөмжлөл гардуулжээ.

Гэхдээ тэр өмнөх дээд амжилт нь хэдэн цаг байсныг дурдаагүй өнгөрсөн байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенко 2017 онд сэтгүүлчидтэй 7 цаг, 20 минутын турш уулзаж, асуултад хариулсан нь хамгийн урт хэвлэлийн хурлуудын нэгт тооцогдож байжээ.

Венесуэлийн талийгаач ерөнхийлөгч Уго Чавес 8 цаг, 6 минутын турш үндэсний телевизээрээ үг хэлж байсан бол Кубын удирдагч агсан Фидель Кастро 2005 онд болсон Латин Америкийн орнуудын чуулганд 5 цаг үг хэлж байсан гэнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2013 онд иргэдийнхээ асуултад хариулахад 4 цаг, 47 минут зарцуулсан нь түүний хувийн дээд амжилт юм байна.

 

Эх сурвалж: ТАСС