Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тунгалагтамир: ХААН банкны дансаа ашиглах боломжгүй болсон иргэд, ААН-үүд ирж мэдээллээ шинэчлэх шаардлагатай

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ХААН Банкны зарим харилцагчийн данс ашиглах эрхийг хязгаарласан тухай гомдол олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар тус банкны Олон нийттэй харилцах газрын захирал Д.Тунгалагтамираас дараах тодруулгыг авлаа. 

-Цөөнгүй байгууллагын ХААН банкны данс ашиглах боломжгүй болсон гэсэн гомдол хүмүүсээс ирсэн. Ямар учраас ийм асуудал гарсан талаар тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн шинэчилсэн найруулгаар банк харилцагчдынхаа мэдээллийг шинэчлэх үүрэг хүлээсэн. Мэдээлэл шинэчлэх гэдэг нь зөвхөн холбоо барих утасны дугаар, цахим хаягийн мэдээллээр хязгаарлагдахгүй юм. Иргэний хувьд холбоо барих утас, и-мэйл хаяг, оршин суугаа хаяг, ажил эрхлэлтийн талаар мэдээллийг банкны маягтын дагуу өөрийн биеэр ирж шинэчлэн, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж өгөх шаардлагатай болсон.

Харин байгууллагын хувьд гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол зөвшөөрөл, дүрэм, тухайн байгууллагын эзэмшигчийг батлах хурлын шийдвэр, эрх бүхий албан тушаалтны биеийн байцаалт зэрэг бичиг баримтыг авчран мэдээллээ шинэчилнэ. 
Банк хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу харилцагчдын мэдээлэл шинэчлэх ажлыг өнгөрсөн оны долдугаар сараас хийж эхэлсэн. Нэг жил гурван сарын энэ хугацаанд бид харилцагчдадаа энэ талаар мэдээлэл өгөх ажлыг үе шаттайгаар хийсэн байгаа. 

Өнгөрсөн хугацаанд огт холбогдож чадаагүй, холбогдсон ч заасан хугацаанд шаардлагатай баримт материал, мэдээллээ гаргаж өгч чадаагүй харилцагчдын хувьд нэн даруй банканд ирж мэдээллээ шинэчилснээр банкны үйлчилгээг эргээд хэвийн авах боломжтой болох юм. 

-Гэвч зарим нэг байгууллага банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаар нь банкнаас ямар ч мэдэгдэл ирүүлээгүй мөртлөө данс хязгаарлачихлаа гэсэн гомдол гаргаад байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

- Бид харилцагчийн банканд бүртгэлтэй и-мэйл хаяг, утасны дугаараар 2018 оны арваннэгдүгээр сарын 16 болон 2019 оны гуравдугаар сарын 7-нд, мөн есдүгээр сард нийт гурван удаа холбогдож, банканд ирж мэдээллээ шинэчлэхгүй бол хуулийн дагуу үйлчилгээг хязгаарлах хүртэл нөхцөл байдал үүсэх талаар мэдэгдсэн.  Банкны зүгээс утсаар болон и-мэйлээр холбогдох гэж удаа дараа оролдоод мэдээллээ шинэчлээгүй харилцагч нарт мэдээлэл хүргэх үүднээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, өдөр тутмын сонин, банкны албан ёсны цахим хуудас зэрэг боломжит бүх сувгуудаар үүргийнхээ дагуу энэ талаар хүргэсэн. 

-Дансаа хянах боломжгүйгээс болж тухайн бизнесийн байгууллагад хохирол үүсэж болно. Энэ тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ?

-Банкны харилцагчдын хувьд хуулиар хүлээсэн үүргийн дагуу хэрэглэгчийн ангиллаас хамаараад тодорхой давтамжтай хугацаанд мэдээллээ шинэчлэх ёстой байдаг. Тухайлбал, тухайн харилцагчийн данс нээх үеийн мэдээлэл өөрчлөгдөөгүй ч түүнийгээ жилд, хоёр жилд буюу гэрээнд заасны дагуу банканд ирж нотолж, мэдээлэх үүрэгтэй. Нөгөө талаар, банк жил гурван сарын хугацаанд холбогдохоор ажиллаж, мэдээллүүдээ хүргэсэн. 

-Банкны үйлчилгээ авах боломжгүй болсон үед дансны аюулгүй байдалд ямар нэгэн эрсдэл үүсвэл яах вэ?

-Энэ тал дээр санаа зоволтгүй. Банк таныг өөрийн биеэр ирж мэдээллээ шинэчилмэгц үйлчилгээг тэр даруй сэргээнэ. 

-Дансаа хянах боломжгүй болсон харилцагчид тэгвэл өөрийн биеэр очиж мэдээллээ шинэчлэхэд л болно гэсэн үг үү. Эсвэл анх данс нээсэн шигээ бичиг баримт бүрдүүлэх үү? 

-Хуульд заасны дагуу дээр дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлэн өөрт хамгийн ойр банкны салбар нэгж дээр биечлэн хандахад болно.     

-Тухайн иргэн гадаадад, эсвэл ямар нэгэн шалтгаанаар ирэх боломжгүй байж болно. Гэвч дансаа ашиглаж чадахгүй болохоор яаж асуудлаа шийдэх вэ?

-Гадаадад байгаа харилцагчдын хувьд манай Харилцагчийн мэдээллийн төвийн 70071917 утас болон callcenter@khanbank.com хаягаар мэдээлэл шинэчлэх хугацаагаа хойшлуулах хүсэлтээ илэрхийлэхийг хүсье. 

-Энэ үйл явц хэдий хүртэл үргэлжлэх вэ. Одоогоор хэчнээн харилцагчийн мэдээллийг шинэчилсэн тухай тоо байна уу?

-Харилцагч банканд бүртгэлтэй мэдээлэл нь өөрчлөгдсөн тухай бүрт банканд хандан мэдээллээ шинэчлүүлэх хуулийн шаардлага тулгарч байгаа тул хариуцлагатай хандахыг хүсэж байна. Нөгөө талаар, харилцагч таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, цаашдаа зайнаас буюу цахимаар банкны үйлчилгээг саадгүй найдвартай авахад туслах зорилготой юм.