Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч Европ руу сая сая дүрвэгч илгээнэ гэж сүрдүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Европын орнууд Турк улсын Сирийн нутагт эхлүүлсэн байлдааны ажиллагааг шүүмжилснийхээ төлөө ширүүн эсэргүүцэлтэй тулгарав.

Уг байлдааны ажиллагаа нь Сирийн хямралыг улам дордуулж, Исламын улс террорист байгууллагыг устгах олон улсын хүчин чармайлтыг талаар болгоно гэж тэд үзэж байгаа юм.

Мөн терроризмын эсрэг тэмцэлд чухал үүрэгтэй оролцсон Курдийн зэвсэгт бүлэг рүү Туркийн арми довтолж байгааг Европын удирдагчид шүүмжилж байна.

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нийслэл Анкара хотод үг хэлэхдээ Европын Холбоо руу сая сая дүрвэгч илгээнэ хэмээн сүрдүүлжээ. “Хэрвээ тэд нар манай ажиллагааг эзлэн түрэмгийлэл гэж нэрлэх юм бол бид үүд хаалгаа нээж 3.6 сая дүрвэгчийг илгээх болно” гэж тэр мэдэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд Европын Холбоо дүрвэгчдийн урсгалыг Туркийн нутагт тогтоон барихын тулд Анкарад $6.6 тэрбумын тусламж үзүүлснээр нөхцөл байдал дээрдээд байсан юм.

Харин Туркийн арми Лхагва гарагт Сирийн зүүн хойд нутагт байлдааны ажиллагаа эхлүүлснээр Эрдоган дахин Европтой муудалцах нөхцөл үүсэж байна.

Турк улсын хамгийн том үндэсний цөөнх нь Курдүүд юм. Тэд Туркээс салан тусгаарлахын төлөө олон жилийн турш тэмцэж байгаа. Сири дэх Курдүүдийг тэдний дэмжигчид гэж Анкарагийн эрх баригчид үздэг.

Тиймээс Туркийн тал Сирийн зүүн хойд хил дагуу хяналтаа тогтоосон Курдийн зэвсэгт бүлгийг цэвэрлэж, үлдсэн газар нутагт нь Сирийн нэг сая орчим дүрвэгчийг суурьшуулах завсрын бүс байгуулах зорилготой байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters