Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Утга зохиолын Нобелийн шагналыг Польш, Австрийн зохиолч нар хүртэхээр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Нобелийн шагнал хүртэх Ольга Токарчук, Петер Хандке нар

Өчигдөр орой 2018 оны болон 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг зарлалаа.

Өнгөрсөн онд энэ шагналын эздийг тодруулдаг хороо бэлгийн дарамтын дуулианд холбогдож хямраад байсан тул 2018 оны шагналтныг 2019 оныхтой хамт зарлахаар болж хойшлуулсан юм. Өнгөрсөн хугацаанд тус хороо нэр төрөө сэргээж, зарим гишүүдээ сольсон байна.

2018 оны Нобелийн шагналыг Польшийн зохиолч Ольга Токарчук, 2019 оны шагналыг Австрийн зохиолч Петер Хандке нар хүртэхээр болжээ.

Польшийн өнөө цаг үеийн хамгийн авьяаслаг зохиолч гэгддэг Токарчук арав гаруй ном хэвлүүлж, хэд хэдэн шагнал хүртэж байсны дотор өнгөрсөн онд Британийн Man Booker International Prize шагналыг хүртсэн байна. Мөн Польшийн хамгийн нэр хүндтэй Nike Literary Award шагналыг хоёр удаа хүртсэн юм.

Түүний номнууд тайз, дэлгэцийн бүтээл болж, гадаадын 25 хэл дээр хэвлэгдэж байжээ.

2019 оны шагналыг хүртсэн Хандкег “дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт төрсөн хамгийн нөлөө бүхий уран бүтээлч” гэж Нобелийн шагналын хороо тодорхойлсон байна.

Хандкегийн зохиолуудад шинэ санаа дэвшүүлж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх арга замыг цоо шинэ бичлэгийн хэлбэрээр илэрхийлдэг гэж бас сайшаажээ.

Токарчук, Хандке нар тус бүр есөн сая швед кроны ($918,000) шагнал хүртэх юм.

Токарчук нь 1901 оноос хойш тодорсон 116 шагналтны дотор 15 дахь эмэгтэй зохиолч болж байна. Өнөөдөр орой энх тайвны Нобелийн шагналтныг зарлах бол Даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзнийг тодруулснаар энэ оны шагналын эздийг шалгаруулж дуусах юм.

 

Эх сурвалж: AFP