Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн банк: 2019 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.9% байна

ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн банк өнөөдөр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн талаарх “Өсөн нэмэгдэж буй эрсдэлийг даван туулах нь” тайлангаа танилцуулсан юм. 

Монгол Улсын 2019 оны эдийн засгийн өсөлтийг 6.9%-тай хэмээн таамаглаж байна. Энэ нь 2019 оны дөрөвдүгээр сард дэвшүүлж байсан таамгаас нь 0.3 пүнктээр доошилсон үзүүлэлт бөгөөд ирэх онд нь таамгаа 0.6 пунктээр бууруулж, эдийн засаг 6.3%-ийн өсөлттэй байна хэмээн үзэж байна. 

График 1. Монгол Улсын эдийн засгийн өсөлт

Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь (эрэлт талаас тооцсон ДНБ) өссөн бол 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдсан. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөлөв. Мөн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлсөн. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан хэмээн Дэлхийн банк дүгнээд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэж үзжээ.

Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй болон мөн мега төслүүдийн хэрэгжилт, банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдлүүд байгааг анхааруулав.

Харин үүн Ази, Номхон Далайн бүсийн тухайд эдийн засгийн өсөлтийг саарах төлөвтэй байгааг тайланд тусгажээ.

График 2. Бүс нутгийн эдийн засгийн төлөв

Энэ нь бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбоотой. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн идэвхжил, түүн дотроо Хятад улсын эрэлт саарч байгаа, АНУ-Хятадын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж, улмаар уг бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгааг Дэлхийн банк онцолжээ.

Хэрэв Хятад улсыг хасч тооцвол тус бүс нутгийн орнуудын хэрэглээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч харьцангуй тогтвортой байгаа нь уг орнуудын мөнгөний болон төсвийн бодлоготой холбон тайлбарлахаар байна. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан нь уг орнуудын өөрсдийн онцлог салбарууд буюу аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, олборлох салбарын идэвхжлээс голлон шалтгаалжээ. 

Зүүн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч Виктория Кваква "Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Бидний тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Энэ нь өмнөх дөрөвдүгээр сард бидний тооцож байснаас бараг 7 сая хүнээр өндөр байгаа юм" гэв.

Худалдааны сөргөлдөөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайланд мөн дурьджээ. Зарим улс орнууд дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж байсан ч дэлхийн улс орнуудын худалдааны уян хатан байдал тийм ч сайн биш байгаа нь бүс нутгийн орнууд ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг хязгаарлаж байна. 

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн тэргүүлэх эдийн засагч Эндрю Мейсон "Компаниуд тарифаас зайлсхийхийг оролдож байгаа ч Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын дэд бүтэц сул, үйлдвэрлэлийн хэмжээ хязгаарлагдмал байгаа нь дэлхийн зах зээлд Хятадын гүйцэтгэж байсан үүргийг богино хугацаанд орлуулахад хүндрэлтэй байх болно" гэдгийг онцоллоо. 

Мөн тайланд бүс нутгийн өсөлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлүүд улам нэмэгдэж байгааг анхааруулжээ. Хятад, АНУ-ын хоорондын худалдааны сөргөлдөөн удаан үргэлжлэн, тодорхой бус байдал нэмэгдэх нь хөрөнгө оруулалтын идэвхжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Хятад, Евро бүс, АНУ-д эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай саарч байгаа болон Брэкситын талаарх тодорхой бус байдал зэрэг нь тус бүс нутгийн экспортын гадаад эрэлтийг цаашид улам сааруулж болзошгүй. 

Зарим улс орон өр ихтэй, цаашид мөн өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл тус бүс нутгийн орнуудын санхүүгийн өртгийг нэмэгдүүлж, улмаар бүсийн эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад цаашид ихээхэн ачаа дарамт болох боломжтой юм. 

Өсөн нэмэгдэж буй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын зохицуулалт хийх боломжтой улс орнууд, төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд ингэхдээ төсөв болон өрийн тогтвортой байдлыг анхаарлаас холдуулж болохгүйг тайланд зөвлөжээ. Мөн бүс нутгийн улс орнуудын хувьд худалдааны нээлттэй бодлого баримталж, бүсийн худалдааны интеграцийг гүнзгийрүүлэх нь үр өгөөжтэй байх болно.

АНУ-Хятадын хоорондох худалдааны маргаан үргэлжилж, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь уг бүс нутгийн орнууд бүтээмжийг дээшлүүлж, өсөлтийг дэмжихэд чиглэсэн шинэчлэл хийх шаардлагатайг харуулж байна. Тодруулбал хөрөнгө оруулалтыг татах, бараа бүтээгдэхүүн, технологи, ноу-хаугийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зохицуулалтын шинэчлэл хийх нь зүйтэй байгааг онцолжээ.