Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Угаарын хийнд хордож нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн 1,080 зул өргөнө

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Угаарын хийнд хордож нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөх ёслол зохион байгуулах болсон талаар сэтгүүлч ээжүүд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ тухай сэтгүүлч О.Батханд "Амиа алдсан долоон иргэний хоёр нь Чингэлтэй дүүргийн XIII хороонд амьдарч байсан хоёр ба дөрвөн настай бяцхан хүүхэд байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Тиймээс амиа алдсан долоон хүний гэгээн дурсгалыг хүндэтгэн аравдугаар сарын 11-нд 18:00 цагт Д.Сүхбаатарын талбайд 1,080 зул өргөх ёслолыг хийнэ" гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах хаана байна вэ гэх асуудал тулгарч байна хэмээгээд долоон хүний амь хохирсон энэхүү харамсалтай хэрэгт гэм буруутай этгээдүүд нь хариуцлагаа хүлээнэ үү гэж уриалав. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Сэтгүүлч н.Цолмон "Улаанбаатар хотын утааг бууруулахын тулд 10 гаруй жилийн хугацаанд хагас сая ам.доллар зарцуулсан ч үр дүнд иргэдийн амь хохирч байна. Өнгөрсөн хугацаанд утаагүй зуух, утаагүй түлш нэрээр олон төрлийн зүйлийг иргэдэд борлуулж иржээ. 

Монгол Улс хөгжих ёстой. Гэхдээ үр хүүхэд, ард иргэдийнхээ амиар дэнчин тавих ёсгүй" гэв.

Эргэн сануулахад, 2018 онд Засгийн газраас түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх тухай 62 дугаар тогтоол гаргасан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Засгийн газар гаргасан шийдвэрээсээ буцахгүй хэмээн мэдэгдсэн билээ.