Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Германд жүүд иргэдийн эсрэг зэвсэгт халдлага гарч, хоёр хүн амь үрэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Германы зүүн хэсгийн Халле хотод зэвсэглэсэн этгээд жүүдийн шашны сүмд халдаж, хоёр хүний амийг хороожээ.

Өчигдөр жүүд шашинтнуудын хувьд ариун өдөр байсан бөгөөд сүмд олон хүн мөргөл үйлдэж байсан юм. Гэмт этгээд өөрийн халдлагыг видео тоглоомын онлайн сүлжээгээр шууд дамжуулсан байна.

Халдлагыг харуулсан 30 гаруй минутын бичлэгийг сүүлд Twitch сүлжээнээс устгажээ. 27 настай герман үндэстэн халдлагыг ганцаар үйлдсэн нь тогтоогдож, цагдаа нарт баригдаад байна.

Тэрээр видео дамжуулалтынхаа эхэнд антисемитист үзлийн талаар ярьж, дайны үед Холокост болсныг үгүйсгэж байжээ.

70-80 орчим хүн цугларсан сүм рүү нэвтрэх гээд чадаагүй алуурчин сүмийн хаалга руу буудаж, ойр орчимд явсан хоёр хүнийг буудан хороосон байна.

Хэрэг явдлын дараа Германы канцлерь Ангела Меркель нийслэл Берлин хотын хамгийн том жүүд сүмд зочилж, хохирогсдын дурсгалыг хүндэтгэсэн юм.

Германы дотоод хэргийн сайд Хорст Зеехофер “Хэт барууны экстремист үзэлтэн халдлагыг үйлдсэнийг батлах хангалттай баримтыг холбооны прокурорын газар илрүүлээд байна” гэж мэдэгджээ.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху уг халдлагыг “террорист үйлдэл” гэж нэрлээд Европ даяар антисемитист үзэл өсөн нэмэгдэж байгааг анхааруулсан байна.

“Антисемитист үзлийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхийг би Германы эрх баригчдад уриалж байна” гэж тэр мөн бичжээ.

 

Эх сурвалж: BBC