Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Дэлхийн Хоёрдугаар дайны үед Курдууд бидэнд туслаагүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын ерөнхийлөгч Сирийн зүүн хойд хэсгээс цэргээ татсан нь Турк улсад Курдуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулах замыг зассан юм.

Трамп холбоотноо замын дундаас хөсөр хаясан шийдвэрийнхээ төлөө нэлээд шүүмжлүүлж байгаа. Өчигдөр Туркийн нисэх онгоцнууд агаарын цохилт өгч, явган цэрэг Сирийн хилийг давснаас хил орчмын оршин суугчид дүрвэж эхэлжээ.

Харин Трамп өөрийнхөө шийдвэрийг хамгаалсан ээлжит мэдэгдлээ өчигдөр хийсэн байна. Тэрээр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа “Жишээ нь тэд дэлхийн хоёрдугаар дайны үеэр бидэнд туслаагүй, Нормандад бидэнтэй хамт байгаагүй шүү дээ. Гэсэн хэдий ч бид Курд хүмүүст хайртай” гэж хэлжээ.

Ням гарагт Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдогантай утсаар ярьсныхаа дараа Трамп Сирийн зүүн хойд нутгаас цэргээ татаж, Туркийн армид нэвтрэх боломж олгох болсноо зарласан юм.

Түүний гэнэтийн шийдвэрийг гадаад, дотоодгүй шүүмжилж байгаа. Исламын улс террорист байгууллагын эсрэг тэмцэлд Сирийн Курд зэвсэгт бүлэг тэргүүлэн оролцож, 11,000 орчим дайчнаа алдсан гэдэг.

Трампын шийдвэрийг сонссон курдууд АНУ-ыг “ар нуруунд хутга шаалаа” хэмээн бухимдаж байгаа юм.

Курдуудыг золионд гаргасан явдал нь АНУ-ын бусад холбоотнуудад сөрөг дохио болох эсэхийг өчигдөр сэтгүүлчид Трампаас асуужээ.

Тэгэхэд Трамп “Холбоотон болох маш амархан. АНУ-ын хувьд шинэ холбоотон олоход хүндрэл байхгүй” гэж хариулсан байна.

Гэвч түүнийг шүүжлэгчид өөр бодолтой байна.

Тухайлбал Исламын улс бүлэглэлтэй хийх дайнд АНУ-ын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан Брэтт Макгурк “Дональд Трамп бол ерөнхий командлагч биш. Тэр ямар ч мэдлэг мэдээлэлгүйгээр гэнэтийн шийдвэр гаргаж байна. Тэр цэргийн алба хаагчдыг эрсдэл рүү түлхэж байна. Дайсагнагч тал утсаар ярихдаа хөөргөж, арга заль хэрэглэхэд л тэр манай холбоотнуудыг хөсөр хаялаа” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Трампын дэмжигчдийн нэг, Бүгд Найрамдах намын сенатор Линдси Грэм “Курдуудыг хаяснаараа бид АНУ бол найдваргүй холбоотон, Хятад, Орос, Иран, Умард Солонгос зэрэг улсууд аюул учруулах нь цаг хугацааны асуудал юм гэсэн маш аймшигтай дохиог дэлхий дахинд өглөө” гэж мөн твиттер хуудсандаа мэдэгдсэн байна.

Тэрээр Курдуудын эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлсэн Турк улсын эсрэг эдийн засгийн хатуу хориг санаачлаад байгаа юм. 

 

Эх сурвалж: Business Insider