Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчснийг эцэслэн тогтоолоо

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан УИХ-ын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг өмнө нь гаргасан билээ.

Гэвч УИХ уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр болж, уг маргааныг дахин хянаж, эцэслэлээ.

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэн хүчингүй болгох шийдвэр гаргажээ.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн УИХ-ын 2019 оны 66 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Өөрөөр хэлбэл, Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан УИХ-ын тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь эцэслэн тогтоогдож байна.