Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Хонгор: Эмч нар дүүгийн маань бөөрийг уйланхайтай андуурч, хагалгаа хийхдээ маарлаа үлдээсэн

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

“Амгалан” амаржих газрын эмч нарын хариуцлагагүйгээс болж хохирсон иргэн өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

26 настай охин эмч нарын буруугаас болж өнөөдөр ажил хийх чадваргүй болох хэмжээнд хүрлээ

 

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.Хонгор  “Бид өнөөдрийн мэдээллийг үнэхээр аргагүй эрхэнд хийж байна.

Учир нь жил гаруйн өмнө дүү маань гэр бүлтэй, эрүүл саруул, бие давхар хөл нь газарт хүрэхгүй явж байсан.

Гэвч "Амгалан" амаржих газрын эмч нарын буруу оношилгооноос болж зургаан сартай ургаа алдаж, өрөөсөн бөөртэй хоцорсон.

"Амгалан" амаржих газрын эмч нар дүүгийн маань буруу байрлалтай байсан нэг бөөрийг уйланхай гэж андууран хагалгаа хийсэн. Зүгээр ч нэг хагалгаа хийгээгүй бүр маарлаа дотор нь үлдээснээс болж нэг бөөрөө авхуулахад хүрсэн.

Цэл залуухан 26 настай охин эмч нарын буруугаас болж өнөөдөр ажил хийх чадваргүй болох хэмжээнд хүрч, бие сэтгэл санааны хүнд хохирол амсаад байна.

Уг маргаан одоогоор Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа. Энэ сарын 21-нд шүүх хурал нь болно.

Хамгийн харамсалтай нь хөөн хэлэлцэх хугацаанаас болж энэ хэрэг жил гаруйн нүүрийг үзсэн ч одоо хүртэл шийдэгдэхгүй явсаар байгаа бөгөөд хэрэгсэхгүй болох магадлал маш өндөр байна.

Хэрвээ шүүгдэгч нарын эсрэг талд гарах юм бол өнөөдөр дүү маань эрүүл мэндээрээ бүрэн хохирч, тэдгээр эмч нар ял завшиж хариуцлагаас мултарч үлдэх нь.

Бидний зүгээс нэхэмжилж байгаа зүйл бол дүүгийн маань эрүүл мэндийг хуучин хэвэнд оруулахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл одоо дүүд маань яаралтай донор хэрэгтэй.

Бид одоо Эрүүл мэндийн яам болон "Амгалан" амаржих газрын холбогдох удирдлагуудад дүүгийн маань эрүүл мэндэд анхаарал хандуулж, тухайн эмч нарт хариуцлага тооцуулах албан тоотыг өнөөдөр хүргүүлэх болно.

Монголд зөндөө алтан гартай сайн эмч нар бий. Энэ мэт хариуцлагагүй эмч нарын алдаанаас болж тэр олон эмч нарын нэр хүнд ч дагаад унаж байна" гэлээ.

Хэрвээ эмч нар зөв оношилсон бол одоо би есөн сартай хөөрхөн охинтойгоо эрүүл саруул амьдарч байх байсан

 

Хохирогч иргэн З.Жавзанпагма болсон үйл явдлын талаар “Би одоо 26 настай. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд амьдардаг.

Жилийн өмнө буюу 2018 оны зургаадугаар сарын 26-ны өдөр жирэмсний хяналтад орох гээд шаардлагатай бүх шатны шинжилгээ өгч, эход харуулах явцад өндгөвчний уйланхайтай байж магадгүй гэсэн дүгнэлт гарч харьяаллын дагуу "Амгалан" амаржих эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болсон. Энэ үед би гурван сартай жирэмсэн байсан.

"Амгалан" амаржих эмнэлэг дээр ирж үзүүлэхэд өндгөвчний маш том уйланхайтай учир яаралтай хагалгаанд орох шаардлагатай, жирэмсэн үед ийм уйланхайтай байж болохгүй гээд эмч нарын зөвлөөөнөөр 2018 оны оны долдугаар сарын 19-ний өдөр дуранийн хагалгаанд орохоор болсон. 

Гэвч хагалгаа хийх дуран нь эвдэрсэн байсан учраас надад "Амгалан" амаржих газрын нэр бүхий эмч нар хэвлийн хагалгааг нээлттэйгээр хийсэн. Хагалгааны явцад тэд намайг бүтэн унтуулсан.

Сэрсний дараа надад түгжрэлийн анхан шатны шинж тэмдэг илэрч, бие маань маш их өвдөж эхэлсэн. Үүнээс хойш ямар нэг оношгүйгээр "Амгалан" амаржих газарт өвчин намдаах олон тариа хэрэглэж 22 хоног хэвтсэн.

Үүний дараа би ийм олон хоног маш их ядралттай, дээрээс нь хүчтэй эм тариа хэрэглэсний улмаас зургаан сартай болчихсон ургаа цааш тээх боломжгүй болсон учраас хагалгаа хийсэн эмч өөрийн биеэр эм тавьж, ургийг маань гаргасан.

Гэсэн ч миний бие огт сайжрахгүй болохоор "Амгалан" амаржих газрын эмч нар Хоёрдугаар эмнэлгийн үүдэнд хүргэж өгч, хоёрдугаар эмнэлэгт дахин хагалгаанд орсон юм.

Хоёрдугаар эмнэлгийн эмч нар "Өмнө нь чиний нэг бөөрийг уйланхайтай андуурч хагалгаа хийжээ. Мөн хагалгаа хийх явцдаа чиний биенд маарал үлдээсэн байна. Үүнээс болоод нэг бөөрийг маань ажиллагаагүй болсон" гэдгийг хэлсэн.

Ингээд 2019 оны нэгдүгээр сард би тухайн ажиллагаагүй болсон бөөрөө бүр мөсөн авхуулахад хүрсэн юм. 

Анх би хяналтад орох гэж шинжилгээ өгөөд явж байхдаа ямар нэг өвдөлт байхгүй бие минь эрүүл ураг маань хэвийн байсан.

Хэрвээ "Амгалан" амаржих газрын эмч нар зөв оношилж, эмчилсэн бол өнөөдөр би есөн сартай хөөрхөн охинтойгоо эрүүл саруул амьдарч байх байсан.

Хагалгаа хийсэн гурван эмч, хоёр сувилагч одоо ч надтай ямар нэг байдлаар холбоо барьж, уучлалт гуйгаагүй мөртлөө хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байхад 15 сая төгрөг өгч энэ маргаанаа дуусгая гэсэн. 

Би тэр мөнгийг нь аваагүй. Тэд бүгд одоо ч ажлаа хийсээр байна” гэлээ.