Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн гаалийн байгууллага "Ухаалаг хил" уриатайгаар ажиллаж байна

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АСЕМ-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын 13 дугаар уулзалт Вьетнам улсад энэ өдрүүдэд болж байна.

Тус хуралд 51 орны гаалийн байгууллагын дарга нар, Дэлхийн гаалийн байгууллага, Европын холбооны 115 төлөөлөгчид оролцож буй. Хуралдаанаар 2017 онд ХБНГУ-д болсон 12 дугаар уулзалтаар баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг амжилттай болсон гэж санал нэгтэй дүгнэн, гадаад худалдааны өсөн нэмэгдэх урсгалд тавих гаалийн хяналтын үйл ажиллагааг шинэлэг хэлбэрээр тавих хэрэгцээ шаардлага бий болсныг онцлов. 

Түүнчлэн АСЕМ-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нар хамтран ажиллаж, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлээ хэлэлцэн, найрсаг хамтын ажиллагааг өрнүүлсээр 26 жил болж, 13 дахь удаагаа Вьетнамд уулзаж байгаад өндөр ач холбогдол өгч, “Берлиний тунхаглал” амжилттай хэрэгжсэн гэж үзлээ.

Орчин үеийн гаалийн байгууллагын шилдэг арга хэрэгсэл болсон Нэг цонхны систем, хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлага, хамтарсан хяналт, дижитал гааль болон бусад асуудлууд хамаарахыг чухалчилж, мэргэшсэн гаалийн албан хаагчид, мэргэшсэн үйлчилгээг үзүүлж, худалдаа, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Дэлхийн гаалийн байгууллага энэ жил “Ухаалаг хил” уриатайгаар ажиллаж, зөвхөн худалдааны урсгалд хяналт тавихаас гадна аялал жуулчлал, тээврийн салбарыг дэмжихэд гаалийн байгууллагууд гол үүрэгтэй оролцож байна. Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр 2017 онд хүчин төгөлдөр болсноор худалдааг хөнгөвчлөх нь дэлхий нийтийн анхаарал хандуулах тэргүүлэх чиглэл болсон хэдий ч хил дамнасан хууль бус худалдаатай хамтын ажиллагаанд тулгуурлан тэмцсээр ирлээ. 

Хуралдаанаар Дэлхийн гаалийн байгууллагаас гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй арга хэрэгсэл, худалдааг аюулгүй байлгах, хөнгөвчлөх, Европын холбооны Нэг цонхны систем, гаалийн шинэчлэлийн стратеги, их хэмжээний зорчигчийн урсгалд хяналт тавих боломжийн талаар харилцан туршлага солилцож байна.

АСЕМ-ийн гаалийн дарга нарын 13 дугаар хуралдааны төгсгөлд “Ха Лонг Тунхаглал”, “АСЕМ-ийн Гаалийн 2020-2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар