Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин О.Очирмааг ОХУ-аас эгүүлэн татах уу

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Минск, Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Элчин сайдын яам тус тус нээх асуудлыг хэлэлцэн, дэмжсэн билээ. 

Өмнө нь тус байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 2002-2009 онд гадаад улсуудад томилогдон ажиллаж байхдаа гэмт хэрэгт холбогдон, Польш улсын хуулийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 иргэний талаар мэдээлж байсан. Тэр дундаа Байнгын хорооны тогтоол гарснаас хойш чөлөөлөгдсөн зургаан дипломат ажилтны талаар онцлон мэдээлсэн юм.

Байнгын хорооны тогтоол гарснаас хойш чөлөөлөгдсөн дипломат ажилтнууд:

 

Т.Аюурсайхан гишүүн дээрх зургаан хүний талаарх мэдээллийг онцолсон нь ашиг сонирхол, хувийн харилцаатай холбоотой гэх хардлага төрүүлээд буй. Учир нь БНХАУ-ын Хөх хот дахь Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ "Улаан бал" нэвтрүүлэгт оролцохдоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон түүний ахын талаар олон ноцтой баримт дэлгэсэн. Үүнд нь тайлбар хийхээр Ж.Батзандан гишүүн хоёр ч удаа хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж байв.

Түүнчлэн зургаан хүнийг онцлон нэрлэхдээ ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эгчийн нөхөр А.Батсайханыг ч мөн дурдсан юм. Б.Хурц, Ж.Батзандан нар шүүхээр асуудлаа шийдүүлэх хэмжээний зөрчилтэй хүмүүс.

Т.Аюурсайхан гишүүн 69 хүнээс заримыг нь ийнхүү тодотгож байгаа нь УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахаар хамт тэмцэж явсан Ж.Батзандангийн ашиг сонирхолд нийцүүлсэн үйлдэл байв уу гэх хардлага эрхгүй төрүүлж буй. 

Тэгвэл өчигдрийн хуралдааны үеэр гадаад улс дахь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байх хугацаандаа өөрөө болон гэр бүлийнхэн нь гэмт хэрэгт холбогдсон иргэдийн асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү дахин сөхсөн юм. 

Тэрбээр "ОХУ дахь Элчин сайдын түр хамаарагч О.Очирмааг бас эгүүлэн татах байх. Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин. Түүний нөхөр Ш.Батжаргал өмнө нь мөн л хууль бус хэрэгт холбогдсон. Ш.Батжаргалын нэр Польш улсын хууль хяналтын байгууллагаас эрэн сурвалжилж буй 69 хүний дунд бий. Тэгэхээр О.Очирмааг өнөө маргаашгүй татах байх гэж найдаж байна. О.Очирмаа Элчин сайдын түр хамаарагчийн ажлаа хийхгүй байна.  

 

Учир нь есдүгээр сарын 20-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тэр зарлигт ОХУ-ын хориг тавьсан улсуудаас бараа, бүтээгдэхүүн транзитаар авах бол тухайн улсын хилээр тусгай зөвшөөрөл авч нэвтэрнэ гэсэн байгаа. Гэтэл манай ГХЯ-нд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй юу, компаниуд ямар ч мэдээлэлгүйн улмаас транзит тээврээр тээсэн их хэмжээний бараагаа ОХУ-ын хил дээр устгуулах гэж байна. 15-16 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хүнсний бүтээгдэхүүн. 

Энэ асуудал дээр манай улсын ГХЯ болон тэнд суугаа түр хамаарагч нь хөдөлдөггүй. Үүнээс болж манай бизнес эрхлэгчид ОХУ-аар дамжин бараа, бүтээгдэхүүн оруулж ирэх боломжгүй болчихоод байна.

Хэрэв Төрийн байгуулалтын байнгын хороо үнэхээр шударга ажиллаж, хууль зөрчсөн хэрэгт холбогдсон дипломатуудаа эгүүлэн татах ажил хийж байгаа юм бол О.Очирмааг ч гэсэн татах байх.  

Эхний ээлжинд Оросын асуудлаа шийдэхгүй бол Беларусь улсад Элчин сайдын яам байгуулах шаардлага байна уу" хэмээсэн. 

Эргэн сануулахад, ОХУ-д суух Элчин сайд Б.Дэлгэрмааг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон нь хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр Ерөнхийлөгчийн саналаар энэ оны дөрөвдүгээр сард эгүүлэн татсан билээ.