Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Иран бүсгүйчүүд анх удаа хөлбөмбөгийн тэмцээн үзэх тасалбар авснаа тэмдэглэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

1979 оны Исламын хувьсгалаас хойш Иран улсад эмэгтэйчүүдийг эрчүүдийн спортын тэмцээн уралдаан үзэхийг хориглосон юм. Тэд зөвхөн гадаад оронд зорчихдоо стадионд нэвтэрч, дэмждэг багийнхаа тэмцээнийг үздэг байв.

Тэгвэл саяхан Тегераны эрх баригчид энэхүү хоригоо цуцалснаар тус улсын  бүсгүйчүүд хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхаа тоглолтыг стадионд үзэх боломжтой болжээ.

Тэдний үзэх анхны тэмцээн нь маргааш Тегераны Азади стадионд болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт байх юм. Энэ тэмцээнд Иран болон Камбожийн үндэсний шигшээ багууд өрсөлдөнө.

Иран бүсгүйчүүд худалдаж авсан тасалбарын зургаа сошиал сүлжээнд нийтэлж, анх удаа стадионд сууж тэмцээн үзэх болсон баяр хөөрөө хуваалцаж байна. Ираны эрчүүд ч үүнд баяртай байгаа юм.

Сүүлийн үед хүний эрхийг хамгаалах байгууллагууд болон FIFA эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхийг сэргээхийг Ираны эрх баригчдаас эрчимтэй шаардах болсон.

Стадионд эрэгтэй хүний хувцас өмсөн хулгайгаар орж, тэмцээн үзэх гээд чадалгүй баригдаж, шийтгүүлсэн 29 настай эмэгтэй өнгөрсөн сард шүүхийн гадна өөрийгөө шатааж амиа хорлосон нь үүнд нөлөөлсөн юм. 

Гэхдээ хориг цуцлагдсан ч стадионд нэвтрэх эмэгтэйчүүдийн тоо хязгаартай байх гэнэ. Тухайлбал 80,000 орчим хүний суудалтай стадионы 3,500 орчим суудлыг эмэгтэйчүүдэд зориулан тусгаарласан байна.

Үүнээс гадна хориг цуцлах шийдвэр гарсны дараа Исламын шашны хатуу дэг баримтлагч 50 орчим хүн тус улсын парламентын ордны гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, эмэгтэйчүүдийг стадионд оруулахгүй байхыг шаарджээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty