Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ ирэх сараас цалингаа тавьж чадахгүй болно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ гишүүн орнууд татвараа төлөхгүй бол Нэгдсэн Үндэстний Байгууллага ирэх сард ажилтнуудынхаа цалинг тавьж чадахааргүй болсныг тус байгууллагын тэргүүн Антонио Гутерреш өчигдөр анхааруулжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш урсгал зардлаа хэмнэсний хүчинд есдүгээр сард болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганыг зохион байгуулах хөрөнгийг шийдсэнээ тэр бас хэлсэн байна.

“Энэ сард манай байгууллага сүүлийн 10 жилд үзээгүй санхүүгийн хямралд ороод байна. Арваннэгдүгээр сард бид ажилтнуудынхаа цалинг тавих мөнгөгүй болж байгаа. Манай үйл ажиллагаа эрсдэлд орлоо” гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш төсвийн хорооны хурал дээрээ хэлжээ.

НҮБ-ын 2019 оны төсөв $3.3 тэрбум орчим бөгөөд үүний 22 хувийг АНУ гаргадаг. Гэтэл Вашингтон өмнөх жилүүдийн үлдэгдэл $381 сая, 2019 оны үлдэгдэл $674 саяыг төлөөөгүй байгаа юм байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус байгууллагын зардлыг дэлхийн бусад улс орнуудтай тэнцүү хэмжээгээр хуваалцах тухай байнга ярьж, НҮБ-ын үйл ажиллагаанд шинэчлэлт хийж, оновчтой болгохыг уриалдаг.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик хэлэхдээ одоогоор тус байгууллагын гишүүн 193 орноос 129 нь 2019 оны татвараа бүрэн төлөөд байгаа гэнэ. Тэдгээрийн төлсөн мөнгөний дүн $2 тэрбум орчим болжээ.

Хэрвээ санхүүжилт тасалдвал НҮБ-ын Нью Йорк, Женев, Вена, Найроби дахь үйл ажиллагаануудыг хязгаарлах онцгой арга хэмжээ авахаа Гутерреш өчигдөр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters