Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улс Трампын сүрдүүлгээс айхгүй гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Турк улсын засгийн газар Сирийн зүүн хойд хэсэгт байлдааны ажиллагаа явуулах бэлтгэлээ хангаж дууссаныг зарлажээ.

Даваа гарагт Цагаан ордон энэ бүс нутгаас АНУ-ын цэргийг татаж, үлдсэн орон зайг Туркийн мэдэлд үлдээх гэнэтийн шийдвэрээ зарласан юм.

Ингэснээр Исламын улс бүлэглэлийн эсрэг дайнд АНУ-ын гол холбоотон байсан Курдын зэвсэгт бүлэг Туркийн армитай тулгарах аюул нүүрлэж байна.

Анкарагийн эрх баригчид Сирийн Курдүүдийг үндэсний аюулгүй байдалд нь дайсагнагч, террористууд гэж үздэг бөгөөд тэднийг устгах байлдааны ажиллагаа явуулахад нь АНУ-ын цэрэг саад болж байсан юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан шийдвэрээ Ойрх Дорнодын “дуусдаггүй дайн”-аас улс орноо гаргах сонгуулийн амлалт гэж хаацайлж байгаа.

Гэвч холбоотнуудаа Туркийн зэр зэвсгийн дор үлдээсэн Трампын шийдвэрийг АНУ-ын улс төрчид, Трампын өөрийнх нь дэмжигчид хүртэл шүүмжилж байна.

Шүүмжлэлд булуулсан Трамп дараа нь бага зэрэг ухралт хийж, дахин мэдэгдэл хийхдээ Сирийн Курдүүдийн эсрэг хүмүүнлэг бус алхам хийвэл Туркийн эдийн засгийг сүйрүүлнэ гэж амласан юм.

Гэвч Туркийн тал Трампын сүрдүүлгийг үл тоож байна. Өчигдөр тус улсын дэд ерөнхийлөгч Фуат Октай “Турк бол хэн нэгнийг айлгахаар шийдвэрээ өөрчилдөг улс биш” хэмээн мэдэгджээ.

Тэр цааш нь хэлэхдээ Туркийн арми Сирийн хил дагуу байрласан Курдын зэвсэгт бүлгүүдийг цэвэрлэж, Сирийн дүрвэгчдийг суурьшуулах тусгай бүсийг байгуулахаар төлөвлөж байгааг ярьсан байна.

“Туркийн үндэсний аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа тохиолдолд бид өөрийн замаар, өөрийн хэм хэмжээг тогтоож ажиллах болно” гэж Октай мэдэгджээ.

Сирийн дэглэмийн гол дэмжигчдийн нэг Иран улс өчигдөр Туркийн цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна. Өчигдөр Анкаратай утсаар ярихдаа Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх”-ийг уриалжээ.

АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Сирийн зүүн хойд хэсгээс цэргээ гаргах болсныг “дарангуйлагчид боломж олгосон аюултай, тэнэг шийдвэр” гэж мэдэгдсэн нь Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганыг хэлсэн хэрэг байв.

Сенатын олонхын бүлгийн дарга, Бүгд Найрамдах намын гол улс төрчдийн нэг Мич Макконел “АНУ-ын цэргийг Сириэс татах шийдвэр зөвхөн Орос, Иран болон Ассадын дэглэмд ашигтай. Бас Исламын улс зэрэг бусад террорист байгууллагуудыг идэвхжүүлэх аюултай” гэж мэдэгджээ.

Сирийн Курд зэвсэгт бүлгийн төлөөлөг            ч Мустефа Бали Вашингтоны шийдвэрийг “итгэл эвдсэн хэрэг” гэж нэрлээд “Бид газар нутгаа хамгаалахын тулд бүх хүчээ шавхан тулалдана” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP