Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Босогчид нийслэлийг эзэлсний улмаас Эквадорын засгийн газар дүрвэлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн 17 сая хүн амтай Эквадор улсын нийслэл өчигдөр мянга мянган босогчдын хяналтад шилжжээ.

Нийслэл Кито хотод нөхцөл байдал хүндэрсэн тул тус улсын ерөнхийлөгч засгийн газраа далайн эргийн Гуаяакил хотод нүүлгэн шилжүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Эквадорын ерөнхийлөгч Ленин Морено шатахууны үнэд засгийн газраас олгодог татаасыг зогсоох шийдвэр гаргасан нь иргэдийн дунд бослого тэмцэл гарах эхлэл болсон юм.

Тэмцэл эхлээд тээврийн салбарын ажилтнуудаас эхэлсэн бол сүүлдээ оюутнууд, нутгийн уугуул индиан иргэд нэмэгдсэн байна.

Нийгэмд дэг журам тогтоохын тулд засгийн газар нийт 480 орчим хүнийг баривчилж, улс орондоо онц байдал тогтоогоод байгаа юм.

Ерөнхийлөгч Ленин Морено өнгөрсөн Даваа гарагийн үдэш ард түмэндээ хандаж телевизээр үг хэлэхдээ засгийн газраа нийслэлээс нүүлгэж байгааг мэдэгдээд бослого тэмцэлд өмнөх ерөнхийлөгч, зүүний үзэлтэн Рафаэл Корреа, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро нарыг буруутгажээ.

Сүүлийн саруудад Эквадорын одоогийн болон өмнөх ерөнхийлөгч нар харилцан бие биеэ авлигын хэрэгт буруутгаж, улс төрийн тэмцэл хурцдаад байв. Мөн Ленин Морено нь Венесуэлийн дэглэмийг унагахыг уриалсан Латин Америкийн удирдагчдын нэг юм.

Бослого тэмцэлд тус улсын уугуул индиан иргэд оролцож эхэлсэн нь байдлыг хүндрүүлж байна. Индиан иргэд өмнөх ерөнхийлөгч Рафаэл Корреагийн засаглалын үед бас бослого гаргаж байсан бол 2005 онд тухайн үеийн ерөнхийлөгч Лусио Гутеррезийг огцруулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Индиан иргэдийн хамгийн том байгууллага болох Эквадорын Уугуул Үндэстнүүдийн Холбоо гаргасан мэдэгдэлдээ Мореногийн засгийн газар тус улсын хамгийн эмзэг бүлгийнхэн болох өөрсдийнх нь нийгмийн асуудлыг шийдэж чадаагүй хэмээн буруутгажээ.

“Уугуул иргэдийн амьдардаг газар нутагт нэвтэрсэн цэрэг, цагдаа бүрийг баривчилж, өөрсдийн хуулиар шийтгэх болно” гэж тус мэдэгдэлд анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press