Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Физикийн салбарын Нобелийн шагналыг гурван эрдэмтэн хувааж хүртэхээр боллоо

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Канадад мэндэлсэн АНУ-ын эрдэмтэн болон Швейцарийн хоёр эрдэмтэн энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хувааж хүртэхээр болсныг саяхан Шведийн шинжлэх ухааны академи зарлалаа.

Канадад төрсөн АНУ-ын Принстоны их сургуулийн профессор, 84 настай Жэймс Пиблс нь их тэсрэлтээс эхлээд өнөөдрийг хүртлэх хорвоо ертөнцийн үүсэл, хувьслыг судлах онолын арга техникийг боловсруулсныхаа төлөө шагнал хүртэхээр болжээ.

Пиблсийн хийсэн ажил нь сүүлийн хагас зуун жилийн сансар судлалын хөгжилд чухал түлхэц болсон гэж Нобелийн шагналын хороо дүгнэсэн байна.

Харин Швейцарийн эрдэмтэд болох Женевийн их сургуулийн 77 настай Мишель Майор, 53 настай Дидье Кэло нар 1995 онд нартай ижил төрлийн одыг тойрон эргэдэг анхны харь гарагийг нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртэхээр болжээ.

Тэдний нээсэн 51 Pegasi B нэртэй гараг нь манай дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд оршдог. Майор, Кэло нарын нээлтээс хойш Сүүн замын галаксигаас нийт 4,000 гаруй харь гараг нээгдээд байгаа юм.

Эрдэмтэд Нобелийн шагналыг дагалдаж ирдэг есөн сая швед кроныг ($918,000) хувааж хүртэнэ. Жэймс Пиблс шагналын мөнгөний талыг авах бол Швейцарийн хоёр эрдэмтэн үлдсэн талыг хувааж авах юм.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольм хотод болох ажээ. Өчигдөр буюу Даваа гарагт анагаах ухааны Нобелийн шагналын эзэд тодорсон бол маргааш химийн салбарын шагналтнуудыг зарлах юм.

Пүрэв гарагт утга зохиолын, Баасан гарагт энх тайвны, Даваа гарагт эдийн засгийн Нобелийн шагналтнууд тодорно. 

 

Эх сурвалж: BBC, Associated Press