Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Японы шинэ эзэн хааныг сэнтийд залах ёслолд дэлхийн 170 орны удирдагчид, язгууртнууд оролцоно

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 22-ны өдөр Японы шинэ эзэн хаан Нарухитог сэнтийд залах ёслол болох юм. Уг хүндтэй арга хэмжээнд дэлхийн 170 орны удирдагчид, язгууртнууд оролцох нь тодорхой болжээ.

Японы засгийн газар өөрийн дипломат харилцаатай 195 улсад бүгдэд нь урилга илгээсэн юм байна. Хүндэт зочдын дотор Британийн ханхүү Чарльз, Саудын Арабын угсаа залгамжлагч Мохаммед Бин Салман, Йорданы хаан II Абдула зэрэг язгууртнууд багтаж байгаа гэнэ.

Мөн Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишань, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чи нар оролцохоор болжээ.

АНУ-аас дэд ерөнхийлөгч Майк Пэнс оролцох байсан ч чухал ажил давхцсан тул орондоо тээврийн сайд Элайн Чаог явуулахаар болсон байна.

Ёслолын үеэр Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо 50 орчим гадаад орны удирдагчидтай уулзахаар төлөвлөсний дотор Хятадын дэд ерөнхийлөгчтэй хийх уулзалт чухалд тооцогдож байгаа ажээ.

Тэд ирэх хавар Япон улсад хөл тавих магадлалтай байгаа БНХАУ-ын дарга Ши Жиньпиний айчлалын талаар хэлэлцэх юм.

Японы чухал хөрш Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ёслолын арга хэмжээнд оролцохгүй болсон байна. Тэрээр ерөнхий сайд Ли Нак Ёныг өмнөөсөө илгээхээр болжээ.

Хоёр орны харилцаа хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа энэ цаг үед Мүүн Жэ Ин хаан сэнтийн ёслолд оролцсоноор дотоод нэр хүндээ унагах эрсдэлтэй гэж ажиглагчид дүгнэж байна.

Шинэ эзэн хаан Нарухитогийн өвөг эцэг Хирохито нь Дэлхийн хоёрдугаар дайны үед амьд бурханд өргөмжлөгдөж, улс орноо захирч байсан бөгөөд түүний засаглалын үед Солонгосын хойг нь Японы колони байсан юм.

 

Эх сурвалж: South China Morning Post