Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дани улсын ерөнхий сайд зааныг тэмээний хамт худалдаж авахаас өөр аргагүй болсноо тайлбарлаж, парламентаа хөгжөөв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Дани улсад энэ оны сүүлээр амьтдыг зугаа цэнгээний зориулалтаар ашиглаж, зовоохыг хориглох хууль хэрэгжиж эхлэх юм.

Энэ ажлын хүрээнд тус улсын засгийн газар цирк, амьтны хүрээлэн дэх амьтдыг төсвийн хөрөнгөөр худалдан авч, хамгаалалтдаа авч байгаа. Худалдаж авсан амьтдыг Animal Protection Denmark байгууллагын халамжинд шилжүүлж байгаа ажээ.

Тэгвэл өчигдөр Дани улсын ерөнхий сайд тус улсын циркэд үлдсэн дөрвөн зааныг худалдаж авахдаа нэг тэмээг хамтад нь авахаас өөр аргагүй болсноо парламентын гишүүдэд тайлбарлах хэрэгтэй болсон байна.

Тэрбээр энэ шалтгааныг тайлбарлахдаа инээдээ барьж чадаагүй бөгөөд парламентын танхим тэр аяараа инээд хөөрөөр дүүрсэн юм.

Дөрвөн зааныг циркээс 11 сая дани кроноор (1.8 сая орчим евро) худалдаж авах төсвийг өнгөрсөн сард парламент батлаад байжээ. Гэтэл урьдчилж мэдэх боломжгүй асуудал гарснаас нэг тэмээг худалдаж авах шаардлага гарсан байна.

Учир нь заануудын нэг Рамболина циркийн Али нэртэй тэмээтэй маш дотно найзууд бөгөөд тэднийг салгах боломжгүйг циркийн ажилтнууд засгийн газартаа мэдэгджээ.

Заан, тэмээ хоёрын нөхөрлөлийн түүхээр Данийн үндэсний телевиз 2010 онд баримтат кино бүтээж байв.

“Рамболина, Али хоёрыг салгах нь буруу шийдвэр гэсэн чухал мэдээллийг бид хүлээж авсан юм. Тиймээс Алиг авахаас өөр аргагүй болсон” гэж хэлэхдээ ерөнхий сайд Метте Фредериксен инээдээ барьж ядаж байжээ. Эцэстээ тэр тэсэлгүй хөхөрч эхэлсэн бөгөөд парламентын гишүүд ч нирхийтэл инээлдэцгээжээ.

Заан, тэмээ хоёрын асуудлыг хэлэлцэхээс өмнө парламентын гишүүд 15 цагийн турш улс төрийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлээд байсан тул ийнхүү ядаргаагаа тайлах сайхан боломж гарсан байна.

Эх сурвалж: Russia Today