Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

М.Ганбаатар: Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Таван толгой түлш" компанийн инженер, техникийн ажилтнууд түлшний найрлагын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар "1.5 сая хүн амтай Улаанбаатарчууд жил бүрийн өвөл утаандаа хордож, угаартсаар ирсэн. Бид үүнийг болиулахын тулд зүтгэж байна гэж ойлгож, ажлаа хийдэг. Үйл ажиллагаагаа 2014 онд батлагдаж, 2019 онд шинэчлэгдсэн стандартын дагуу явуулж байгаа" хэмээн хэвлэлийн хурлын эхэнд хэлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн "Таван толгой түлш" компанийн ерөнхий инженер "Өнөөдрийн бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний найрлагыг сүүлийн 20-оод жилийн судалгаа,  шинжилгээний ажлын үр дүнд гаргасан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн.

Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүн бидэнд байгаа. Шинжилгээний хариунаас харвал шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ стандартад зааснаас бага байсаар ирсэн.

Манай түлшинд миддлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог.

Миддлин буюу угаасан нүүрс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс.
Бентонит шавар бол байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог.
Барьцалдуулагч мөн маш бага хэмжээгээр ордог бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг.
Эрдэнэшишийн цардуулыг хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг.
Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд ус нэмдэг" хэмээн тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр үнс зууханд үлдэх үү, агаарт дэгдэх үү л гэсэн сонголт. Бид зууханд үлдээхийг нь сонгоно.

Шахмал түлшний найрлагыг бид шууд зохиочихоогүй. Орц найрлагыг нүүрний чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтдийн судалгаан дээр үндэслэн тогтоосон. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлш хэрэглэж, хөгжүүлж ирсэн.

Зөв галлагааны талаар мэдээлэл хүргэхээр бид хэвлэл мэдээлэл, зөвлөгөө өгөх баг гээд бүх л шугамаар ажиллаж байна. Шахмал түлш бол нүүрснээс 30-40 дахин бага хортой, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн" хэмээн "Таван толгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нэмж хэллээ.

"Таван толгой түлш" ХК-ийн зүгээс түлшний шуудай тус бүр дээр галлагааны горим зааврыг хэвлэж тарааж байгаа бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал 70119400 утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа ажээ.