Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

“South Park” цувралыг бүтээгчид Хятадаас “уучлал” гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

“South Park” энимэйшн цувралын сүүлийн ангид Хятадын засгийн газрын мэдээллийн хаалт хориг, цензурыг шүүмжилсэн байна.

Тодруулбал “Band in China” нэртэй ангид Хятадын төрийн тэргүүнийг Винни Пухтай адилтгахыг хориглосон тухай гардаг ажээ.

Үүний улмаас Comedy Central-ийн бүтээлийг Хятадын интернэт орчинд бүрэн хориглосон тухай өчигдөр Hollywood Reporter сэтгүүл мэдээлсэн юм.

Тэгвэл энэ мэдээллийн дараа тус цувралыг бүтээгч Мэтт Стоун, Трэй Паркер нар албан ёсны твиттер хуудсандаа “уучлал” гуйсан мэдэгдэл гаргажээ.

Гэхдээ энэ нь үнэндээ уучлал гуйсан хэрэг биш, Хятадын засгийн газрын бодлогыг элэглэн шоолсон агуулгатай мэдэгдэл байв.

Тус мэдэгдэлд “Трэй Паркер, Мэтт Стоун нар Хятадын талаас албан ёсоор уучлал гуйх нь. NBA-гийн нэгэн адил бид Хятадын цензурыг өөрийн эх орон, зүрх сэтгэлдээ талархан хүлээж авч байна. Бид ч бас эрх чөлөө, ардчиллаас илүү мөнгөнд дуртай. Ши дарга Винни Пухтай огт адилгүй. Манай 300 дугаар ангийг ирэх Лхагва гарагт үзээрэй! Хятадын Аугаа Коммунист Нам урт наслаг! Энэ намар элбэг ургац хураах болтугай! Одоо бид Хятадад гарах боломжтой юу?” гэжээ.

Дөнгөж өчигдөр NBA болон Хьюстон Рокетс баг Хонг Конгийн тэмцлийг дэмжсэн мэдэгдэл хийснийхээ төлөө Хятадын талаар уучлал гуйсан билээ.

Тэгвэл “South Park”-ийг бүтээгчид мэдэгдэлдээ NBA-г хавчуулж, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлээ мөнгөөр сольсныг нь шүүмжилжээ.

 

Эх сурвалж: Business Insider