Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Аавыг минь хөнөөсөн цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгочих вий гэж айж байна

Г.Ган-Эрдэнэ, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг

Цагдаагийн хоёр албан хаагч хүний амь хөнөөсөн байж болзошгүй гэх хэрэг хэсэг яригдаад намжлаа.

Тодруулбал, есдүгээр сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд 61 настай иргэн “Г амь насаа алдсан хэрэг гарсан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс хохирогчийн болон тухайн үйл явдлын талаар ташаа мэдээлэл өгсөнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа цахим хуудсаар хэд хэдэн удаа илэрхийлсэн. Тиймээс хохирогчийн охиноос үнэн бодит мэдээлэл авахаар түүнийг зорилоо.

“Нялх хүүхэдтэй болохоор Угтаалцайдам, Улаанбаатарын хооронд олон удаа явах хэцүү юм. Гэхдээ “ёо” гэж өвчин хэлдэггүй, илүү дутуу зангүй сайхан аавыгаа бусдын гарт харамсалтайгаар алдсандаа маш их гомдолтой байна.

Энэ хэрэг шударгаар эцэслэн шийдэгдэхийг хүлээж, шүдээ зууж явна даа” гэх энэ бүсгүйг Г.Баяр.....гэдэг.

-Танд эмгэнэл илэрхийлье. Хэргийг шалгах ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Аав минь бусдын гарт харамсалтайгаар амиа алдаад 14 хонолоо. Өнөөдрийн байдлаар хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байна. Хууль ёсны хохирогчоор би оролцохоор болсон. Сэжигтнээр татсан хоёр цагдааг гадуур шалгаж байгаа гэсэн. Үүнээс өөр мэдээлэл бидэнд өгөөгүй.

-Аавын тань аминд хүрсэн байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж буй цагдаагийн хоёр албан хаагч та бүхэнтэй уулзсан уу?

-Үгүй. Одоо болтол барааг нь ч хараагүй явж байна. Ууганбаатар, Өлзийжаргал гэсэн хоёр нэр л хэлсэн. Нэг нь Төв аймгийн Мөрдөн байцаах газрын ахлах Мөрдөгч, нөгөө нь Лүн сумын хэсгийн цагдаа байсан юм уу даа. Тэд хэргийн газар унаж явсан машинаа, авч явсан 14 настай хүүхдээ орхиод зугтсан.

Тухайн үед тэр хоёр цагдааг олсон гэж цагдаа нар мэдэгдсэн ч хамгаалалтад байлгаж байгаад явуулчихсан байна лээ. Яг хэрэг болсон шөнө тус хоёр цагдаагаас цусны шинжилгээ авъя гэсэн саналыг бид олон удаа гаргасан.

Угтаалцайдамын хүн эмнэлэг, хотоос ирсэн эмч нарын аль нь ч хөдлөөгүй. Маргааш нь шинжилгээ авахад тэдний цуснаас метиллин спирт нь арилчихгүй яах вэ дээ. Энэ асуудал дээр бид гомдолтой байгаа. Ерөөсөө цагдаа бол цагдаагаа л өмөөрдөг юм байна.

-Цагдаа, цагдаагаа өмөөрнө гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Тэр хоёр цагдааг барьсан эсэхийг асуухад Заамарын хэлтсийн ахлагч Болдбаатар амаа үдүүлчихсэн юм шиг “Би энэ талаар юу ч мэдэхгүй” гээд ямар ч мэдээлэл өгөөгүй. Ц.Дагвадорж гэдэг цагдаа нь "Цусны шинжилгээ аваад явуулсан" гэсэн. Албан тушаалыг нь мэдэхгүй юм. Хажуунаас нь тэр Батбаатар гэдэг цагдаа нь “Авчихсан юм уу, өө тэгвэл аваад явуулсан гэсэн үг” гэх мэт тодорхой бус, ам зөрсөн юм л ярьцгааж байсан. Биднийг тэнэг гэж л бодож байгаа бололтой.

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу эцэслэн гарсан уу?

-Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү гэдэг хүн мэдээлэл өгсөн. Тус мэдээлэлд алдаа дутагдал, буруу ташаа ойлголт олон байсан болохоор тухайн үед би фэйсбүүктээ нийтэлсэн. Тэр хүнийг мэдээлэл хийж байх үед задлан шинжилгээ хийгдээгүй байсан. Гэр бүлийнхэн нь ярилцаад Угтаалцайдам суманд задлан шинжилгээ хийлгэсэн. Гэтэл “Улаанбаатарт авч ирж, задлан шинжилгээ хийлээ” хэмээн худлаа ярьсан.

Мөн аавын минь нэрийг ч мэдэхгүй иргэн “Э” гэж буруу хэлсэн. Тэр хоёр цагдааг нутгийн дөрвөн иргэн зодсон гээд байгаа юм. Үнэндээ тэднийг зодох нь битгий хэл ахад минь туслах хүн байгаагүй болохоор ганцаараа аавыг өргөж, эмнэлэг рүү орсон гэнэ лээ. Тэгж хүргэхэд аав аль хэдийнээ амьсгал хурааж, бие нь хөрчихсөн байсныг ах минь гэрчилнэ.

Буцаж гарч ирэхэд нь тэр хоёр машинаа асааж зугтаах гэж байсан. Ах машиныг нь арай гэж авч үлдсэн байсан. Бүхэл бүтэн цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээлэл төлөөлсөн хүн ийм андуу ташаа мэдээлэл ард иргэдэд өгсөнд бид үнэхээр гомдолтой байгаа. Үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг л хандлага гаргаж байна.

-Аав аль хэдийнээ амьсгал хураасан байсныг ах гэрчилнэ гэлээ?

-Тиймээ эмнэлэгт хүргэгдэхдээ аав амиа алдсан байсан. Үүнийг батлах бүхэл бүтэн сумын хүн эмнэлэг, ах, ээж гээд олон гэрч байна шүү дээ. Яг болсон хэргийг нүдээрээ харсан, машин дотор хамт явсан 14 настай гэрч хүртэл байна.

Гэрчийн мэдүүлгээ ч дутуу авсан. Авч явж байгаа нь камерт бичигдсэн байна лээ. “Атар руу явна” гэж худлаа хэлээд сумын төвөөс арван километр газар авч яваад, боож алчихаад л ирсэн шүү дээ. Хүүхэд яалаа гэж худлаа хэлэх вэ. Дөнгөж ирээд ярьсан тэр хүүхдийн бичлэг бидэнд байгаа. Тэр хүү хэдий хулгайн хэрэгт холбогдоод явж байсан ч хэргийн гэрч учир түүнийг хамгаалах зорилгоор “Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний төв”-д хүсэлт гаргасан ч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна.

-Авч явж байгаа нь камерт бичигдсэн гэлээ. Хэрэг гардаг орой камерын бичлэг үзэхийг зөвшөөрөхгүй байсан байх аа.

-Ар гэрийнхэн болон нутгийн иргэдийн зүгээс хяналтын камер үзэхийг хүссэн боловч тийм боломж олдоогүй. Тэр үед цагдаа нар “Сумын Соёлын төвд л ганц камер байлаа. Тэр олигтой юм болж чадахгүй, тэр хамааралгүй, тэрнээс оруулж яах гээд байгаа юм" гэцгээж байсан.

Бид аргаа бараад хотоос ирсэн албаны хүмүүст өргөдөл гаргаж өгсөн. Энэ нь сумын төвийн болон, хяналтын камерын бичлэгийг хуулж хавтаст хэрэгт хавсарган өгөөч гэсэн хүсэлт юм. Ингэсэн тулдаа тэд бичлэгийг авч явсан.

-Хэрэг яаж шийдэгдэх бол гэсэн бодол байна уу?

-Алт шиг үнэтэй аавыгаа алдчихаад бид тайван сууж чадахгүй байна. Энгийн нэтий биш тангараг өргөж, төрийн дүрэмт хувцас өмссөн цагдаагийн гарт амиа алдсанд нь ар гэрийнхний зүгээс маш их харамсаж байна. “Атар руу явна” гэхэд нь аав минь иргэний үүргээ биелүүлж, итгээд суусан байх. Машинд явсан гэрчийн хэлснээр аав “Та нар хаашаа яваад байгаа юм. Би бууя” гэсэн.

Тэр үед энгийн хувцастай цагдаа нь “Чи урагшаа сууж бай” гээд аавын хажууд суугаад цохиж, боосон гэнэ лээ. Энэ хэрэг аргагүй хамгаалалт хийсэн гэсэн дүгнэлтээр хаагдах вий гэж айж байна. Ингэх магадлал маш өндөр. Надад хэн нэгнийг шантаажлах, аль нэг байгууллагын нэр төрд халдах гэсэн санаа байхгүй. Энэ хэрэг шударга үнэнээр шийдэгдтэл эцсээ хүртэл явах болно.

Зураг