Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сирид хэрээс хэтэрсэн зүйл хийвэл Туркийн эдийн засгийг бүрэн сүйрүүлэхээ Дональд Трамп анхааруулав

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Цагаан ордон Сирийн зүүн хойд хэсгээс цэргээ татаж, үлдсэн газар нутгийг Турк улсад шилжүүлэн өгч байгаагаа зарласан билээ.

Ингэснээр Исламын улс бүлгийн эсрэг дайнд АНУ-ын холбоотон байсан Курдын зэвсэгт бүлэгт аюул учирсан юм. Учир нь Турк улс уг бүлгийг террорист байгууллага гэж үздэг бөгөөд Сирийн хилд нэвтэрч, курдуудыг устгах хүсэлтээ эртнээс илэрхийлж байв.

Тэгвэл Цагаан ордны гэнэтийн мэдэгдлийн дараа удалгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа Турк улсыг сүрдүүлжээ.

“Хэрвээ Турк улс миний үзэл санаанд харш, хэрээс хэтэрсэн ямар нэг алхам хийвэл би Туркийн эдийн засгийг бүрэн сүйрүүлж, газрын хөрснөөс арчина! (Өмнө нь ч бас ингэж байсан)” гэж Трамп мэдэгдсэн байна.

Сирийн зүүн хойд хэсгийг Туркийн мэдэлд шилжүүлж өгөх шийдвэрийг зарласны дараа конгрессын олон гишүүн Трампыг хүчтэй шүүмжилж эхэлсэн юм.

Жишээ нь Трампын ойр холбоотон гэгддэг Өмнөд Каролинагийн сенатор Линдси Грэм хэрвээ Турк улс Сирид нэвтэрч, Курдын зэвсэгт бүлэгт довтлох юм бол тус улсын эсрэг эдийн засгийн хатуу хориг зарлаж, NATO-гийн гишүүнээс хөөх ажлыг эхлүүлэхээ мэдэгджээ.

Тэрээр Трампын алдаатай шийдвэр нь Исламын улс бүлэг дахин идэвхжих нөхцөл болно гэж хэлсэн байна.

“Исламын улс ялагдаагүй шүү, миний найз! Исламын улсыг ялагдсан гэж байгаа нь энэ засаг захиргааны хэлсэн хамгийн том худал үг болно” гэж Грэм өчигдөр Fox and Friends хөтөлбөрт ярьжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Халифат устсан байж болно. Мянга мянган дайчин нь амьд сэрүүн байгаа” гэсэн юм.

Трамп экс холбоотон Курдын дайчдыг Туркийн зэр зэвсэг дор үлдээснээс гадна Сирийн хойд нутагт хоригдож байгаа Исламын улсын 12,000 гишүүн, тэдгээрийн гэр бүлийнхэн болох хэдэн арван мянган хүнийг мөн Анкарагийн мэдэлд үлдээсэн байна.

Пентагоны тэргүүн Марк Эспер өчигдөр Сирийн нутагт Турк улс байлдааны ажиллагаа явуулахыг АНУ дэмжихгүй гэдгийг мэдэгджээ.

Өнгөрсөн оны сүүлээр Трамп Туркийн ерөнхийлөгч Эрдогантай утсаар ярьсныхаа дараа АНУ-ын цэргийг Сириэс гаргах гэнэтийн шийдвэрээ зарлаж байв.

Тухайн үед Пентагоны тэргүүн асан Жэймс Мэттис энэ шийдвэртэй санал нийлээгүйн улмаас огцорсон юм. Гэвч сенатор Линдси Грэм тэргүүтэй албаныхан шахалт үзүүлсний үр дүнд Трамп хэсэг цэргээ Сирид үлдээхээр болж байв.

Трампын шийдвэр нь Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассад болон түүний холбоотон Орос, Ираны байр суурийг нэмэгдүүлэх аюултайг Сирийн Ардчилсан Хүчний зөвлөх Моти Кахана утсаар мэдэгдсэн байна.

Тэрээр Сирийн Курдүүдэд одоо хоёр сонголт үлдээд байгааг хэлжээ. Курдүүд нэг бол Ассадтай түншилж, Туркийн довтолгооноос Сирийн умард хэсгийг хамгаална. Үгүй бол тэд дангаар Туркийн армийн эсрэг тулалдах болоод байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters