Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Алтантуяа: Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдсэн

И.Нармандах, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 8
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин болох сүрьеэгийн өвчлөл ихсэж байгаа билээ. Тэгвэл Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд "Хүүхдийн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүй ур чадварыг сайжруулах” бүсчилсэн сургалтыг зохион байгуулжээ. Энэ талаар Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Ж.Алтантуултай ярилцлаа.

-Сүрьеэ өвчний тархалт хэр байгаа вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын эрт илрүүлгийн үйл ажиллагаа өргөн хүрээнд явагдаж байгаа болохоор илрүүлэлтийн тоо нэмэгдэж байгаа. Мөн Улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотойгоор агаарын бохирдол үүнд шууд нөлөөлж байгаа юм.

Тухайлбал, хүйтний улиралд сүрьеэгийн нян илүү их тэсвэржиж, өсөн үржих хандлага бий болдог. Мөн утаанд улам даамжирдаг. Сүүлийн үед энэ өвчин залуужих хандлагатай болсон. Энэ нь тухайн хувь хүний дархлалын системтэй шууд холбоотой.

Ихэнх залуу оффисын ажилчид өглөөнөөс орой хүртэл амрахгүйгээр ажиллаж байна. Энэ нь тухайн хувь хүний дархлалын системд шууд сөргөөр нөлөөлдөг.

Дархлалын системийг идэвхжүүлэгч гол зүйл хоол хүнс юм. Гэтэл залуучууд дийлэнхдээ гадуур хооллодог. Тэгэхдээ дандаа хоёрдугаар хоол сонгож байна. Энэ нь хүний биед шаардагдах амин дэмийг хангалттай өгч чаддаггүй.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ юунаас үүдэлтэй вэ гэвэл сургууль, цэцэрлэгийн анги дүүргэлтийн тоо стандартаас давсанд байгаа юм. Сүрьеэ өвчин өөрөө бактериар үүсгэгддэг, амьсгалын замаар халддаг нийгмийн халдварт өвчин. Гэтэл нэг ангид 25 хүүхэд хичээллэх ёстой байхад 45 хүүхэд хичээллэж байх жишээтэй.

Тэр олон хүүхдийн амьсгалж байгаа агаар нийлээд их хэмжээний бактер үүсгэнэ. Үүнээс үүдэн жил ирэх тусам тус өвчлөл нэмэгдэж байна. 2018 онд 3,498 шинэ халдвар бүртгэгдсэн байгаа. Түүнээс гадна олон эмийн дасалтай сүрьеэ болон маш олон эмийн дасалтай сүрьеэ гэх өвчлөл жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

-Гаднаас ямар нэгэн вакцин оруулж ирж байгаа юу?

-Монгол Улсын хэмжээнд бол тав, аравдугаар сард дархлаажуулалтын арван хоног гэж улсын хэмжээнд зохион байгуулагддаг. Намрын дархлаажуулалтын арван хоног энэ сарын 04-нөөс эхэлсэн. Энэ хүрээнд томуугийн дархлаажуулалт вакцин хийгдэнэ. Эхний ээлжид бүх цэцэрлэгийн хүүхдүүдийг хамруулахаар болсон. Өнөөдрөөс вакцинжуулалт эхэлж байгаа.

-Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Урьдчилан сэргийлэх гэдэг нь дан ганц эмч, эмнэлгийн байгууллагын хийдэг ажил биш. Ард иргэд энийг маш сайн ойлгох ёстой. Өвчин тусахаар эмч, эмнэлгийн байгууллагын буруу мэтээр ойлгодог.

Өвчин тусах нь тухайн хувь хүний л асуудал. Хамгийн түрүүнд юу хийх ёстой гэхээр биеийнхээ дархлалын системийг дэмжих ёстой. Өдөрт 7-8 цаг заавал унтаж амарсан байх. Унтахаар хүний бие организм буюу эд эсийн чинь нөхөн төлжилт сайжирдаг.

Хоёрдугаарт ажил амралтаа зохицуулах. Өдрийн найман цаг ажиллах ёстой ялангуяа хувийн хэвшлийн байгууллагууд хүнийг цаг наргүй ажиллуулдаг. Энэ маш буруу учраас байгууллага хамт олныхоо хэмжээнд уриалга журам гаргаж яг л ажлын найман цагтаа багтааж ажиллах нь зүйтэй. Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн гол зүйл нь агааржуулалт агаарын систем. Орон сууц ч бай гэр хорооллын айлууд ч бай бүгд агаарын сэлгээг заавал хийх ёстой. бохирдсон агаар солигддог.

-Ихэвчлэн аль насны хүмүүс энэ өвчнөөр өвчилж байгаа вэ нас баралтын хэмжээ ихсэж байгаа юу буурч байгаа юу?

-Ихэвчлэн насанд хүрсэн хүмүүс өртөж байна. Түрүүн хэлсэнчлэн 3,400 гаруй хүмүүс шинээр өвчилсөн үүнээс 300 гаруй нь хүүхдүүд байгаа. Том хүнд уушгины сүрьеэ зонхилж байгаа бол хүүхдэд уушгины бус сүрьеэ, уушгинаас өөр эрхтний сүрьеэ дийлэнхдээ тохиолдож байгаа. Эрт оношилж чадвал эмчилгээ төгс хийгдэнэ.

Эмчилгээ төгс хийгдэж байгаа тохиолдолд цаашаа хүндрэл нас баралт бага байна.

Зураг