Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

PayPal компани Фэйсбүүкийн Либра төслөөс гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Төлбөр тооцооны PayPal компани Фэйсбүүкийн санаачилсан дижитал валютын Либра төслөөс гарч байгаагаа Баасан гарагт зарлажээ.

Фэйсбүүк компани өнгөрсөн зургаадугаар сард Либра дижитал валют, түүнд зориулсан Calibra хэтэвчийг зах зээлд нэвтрүүлэхээр болсноо зарласан юм.

Энэ төслийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн 28 компани, байгууллага Libra Association нэртэй холбоог бий болгож байв. Тэгвэл уг байгууллагаас хамгийн түрүүнд PayPal гарч байна.

Тус компанийн мэдэгдэлд “Либрагийн санааг дэмжиж байгаа ч өөрийн үндсэн бизнест анхаарлаа төвлөрүүлэх шийдвэр гаргалаа” гэжээ.

Либраг дэмжих холбоонд Visa, Uber зэрэг бизнесийн байгууллагуудаас гадна Mercy Corps зэрэг ашгийн бус байгууллагууд бий.

Гэвч Фэйсбүүкийн дижитал валютын төсөл эхнээсээ саад бэрхшээлүүдтэй тулгараад байгаа. Тухайлбал Франц, Герман улсууд Либраг Европын зах зээлд нэвтрүүлэхийн эсрэг зогсохоо мэдэгдээд байна.

Фэйсбүүк компани өөрийн платформыг ашиглан хүмүүс хоорондоо төлбөр төлөх, мөнгө шилжүүлэхийг энгийн мессэж бичихтэй адил амар хялбар болгохоо амлаж байгаа юм.

Бодит хөрөнгөөр баталгаажих Либрагийн үйл ажиллагааг дундын хараат бус байгууллага хариуцна гэж Фэйсбүүк амлаж байна.

Гэвч Фэйсбүүкийн амлалтад олон хүн, байгууллага, улс орнууд эргэлзэж байгаа. Тухайлбал Их Долоогийн гишүүн орнууд долдугаар сард Японы Осакад чуулахдаа зохицуулалтын асуудлыг бүрэн шийдэж, айдасгүй болохоос нааш Либраг хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Британийн төв банкны ерөнхийлөгч Марк Кэрни, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг хүмүүс мөн Либрад итгэхгүй байгаагаа илэрхийлээд байна.

Libra Association байгууллагын удирдах зөвлөлийн анхны хурал аравдугаар сарын 14-ний өдөр болох юм.

 

Эх сурвалж: BBC