Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"2020 оны улсын төсөвтэй холбоотойгоор ажлын хэсэг байгууллаа"

ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2019.10.07/ хуралдаж, үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлуудынхаа талаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийлээ. 

Цаг агаар огцом хүйтэрч байгаатай холбогдуулан өнгөрсөн өдрүүдэд “Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэсэн “Сайн” гэх түлшийг хэрэглэсэн 47 иргэн угаарын хийнд хордсон байдалтай эмнэлэгт хандасны дөрөв нь нас барж /бага насны 2 хүүхэд, 2 насанд хүрсэн иргэн/, зургаан иргэний биеийн байдал хүнд хэвтэн эмчлүүлж байгаа ноцтой үйл явдал болж ард иргэд болоод Улаанбаатар хотод ноцтой байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлэх хэрэгтэй болсон.

Ардчилсан нам өнөөдөр хүний амь нас, эрүүл мэндийн асуудлыг далимдуулан улс төржүүлээд байгаа юм огт биш. Энэ бол ард иргэдийн амьдрал, амь настай холбоотой. Ялангуяа шинжилгээний дүн маш их эргэлзээ төрүүлж байгаа юм гэлээ. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газарт хүргүүлж буй шаардлагад: “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар 2019 оны тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг бүрэн хориглож, оронд нь нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш санал болгосон.

Төрийн нэрийн өмнөөс “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш MNS-5679-2014 стандартад нийцсэн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээг хийлгэсэн гэх боловч энэ сарын 03-наас 06-ны хооронд шахмал түлш хэрэглэсэн 35 иргэн угаарын хийнд хордсон байдалтай эмнэлэгт хандсаны дөрөв нь нас барж \ бага насны 2 хүүхэд, 2 насанд хүрсэн иргэн\, зургаан иргэний биеийн байдал хүнд хэвтэн эмчлүүлж байгаа ноцтой хэрэг гарлаа. Цаашид ч иргэд бөөнөөр хордох аюултай нөхцөл үүссэн байна.

Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулаад байгаа энэ хэрэгт хариуцлага тооцох, иргэдэд ашиглалтын талаарх мэдээлэл, зааварчилга өгөх, шахмал түлшний чанар, стандартын  үнэлгээ дахин хийх, элементийн бүтцийг дахин шинжлэн хянах, цаашид аливаа алдаа гаргахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна.” гэжээ. 

Соёлын өвийн тухай хуульд Түүхийн дурсгалт соёлын өвийг хамгаалах заалтыг хууль санаачлан оруулах болно

Дараагийн асуудал бол түүхийн дурсгалт соёлын өвийн асуудал юм. Улаанбаатар хот 1924 онд байгуулагдсан. 1940-1950 оны хооронд анхны хотыг байгуулах барилгачдын ажил өрнөж, анхны хотыг байгуулж байсан.Энэ хотыг байгуулахдаа Монгол улсын өв соёлыг дагуулсан хэлбэрийг голчлон тэр үеийн сэхээтэн, эрдэмтэн, барилгачид бодлоготойгоор анхны хотыг байгуулсан. Үүний нэг тод жишээ бол бага тойрууд байгаа хотын төвийн барилгуудын бүтэц, архитуктер, дизайн юм. Хүн бүр анзаараагүй байж болох ч өнөөдрийн хувьд үүнийг зайлшгүй сануулах ёстой гэж үзэж байна.

Хотын төвд нийтдээ 14-15 баганат барилгууд байдаг. Анх хотыг байгуулахдаа эртний өв соёлоо дээдлэн баганыг бэлэгшээж байгуулсан. Багана бол өрх гэр, улс орны тулгуур. Тиймээс энэ олон баганат барилгыг хотын түүхт өв соёл гэж үздэг. Монголчууд бид 1930 оны үед түүхийнхээ сүм хийд, жижиг тосгодыг бүгдийг устгаж үгүй хийсэн. Энэ бол 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гарсан. Үүнийг МАХН тэр үед хийсэн. Тэгвэл өнөөдөр МАН 100 жилийн түүхт ой дээрээ Монголын түүхэн өв соёл болох анхны хотыг устгахыг санаархаж байгаад Ардчилсан нам эсэргүүцэж байна.

Төрийн ордноос эхлээд Түүхийн төв музей, МУИС, УДЭТ, Төв номын сан, Гадаад яам гэх мэт эдгээр 15 барилга баганат барилга. Энэ түүхийн барилгуудыг өв соёл үзэхгүй,  40 жилийн настай гэж үзэж болохгүй. Гэтэл одоо энэ барилгуудыг нураах юм бол бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Эдгээр барилгыг хуучин хэв маягаар хадгалан үлдээх боломж бүрэн бий. Энэ нь 40 жилийн настай гэж үзэж байгаа боловч, 400 жилийн дараа бидний үнэт өв соёл болон үлдэх болно. Иймээс бид хэд хэдэн зүйлийг хийхээр хуралдлаа. Үүнд: Соёлын өвийг хамгаалах хуулийг эргэж зайлшгүй харах ёстой. Хэрэв шаардлагатай гэж үзвэл Соёлын өвийн тухай хуульд Түүхийн дурсгалт соёлын өвийг хамгаалах заалтыг хууль санаачлан оруулах болно. Мөн У.Хүрэлсүхийн засгийн газарт энэ талаарх гаргасан тогтоолоо хүчингүй болгох шаардлага хүргүүлнэ. Хэрэв хүчингүй болгохгүй бол бид нар үүнийг цаашид Үндсэн хуулийн цэцэд хянуулахаар хандана. Үүнтэй холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзсэн байгаа.  

2020 оны улсын төсөвтэй холбоотойгоор ажлын хэсэг байгууллаа 

Гурав дахь асуудлын хүрээнд 2020 оны төсөвтэй холбоотой асуудлаар Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан байгаа. Энгийн жишээ дурьдахад 2020 оны төсөв дээр энэ соёлын өвийг устгаж, шинэ барилга байгууламж барих ажилд 546 тэрбум төгрөгийн төсөв бүхий ирэх жил 138,9 тэрбум төгрөг төсөвлөснийг бид эргэж харах шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс бид энэ мэтчилэн бодлогогүй, үрэлгэн хөрөнгө оруулалтын энэ олон төсвийг зайлшгүй хянах ёстой. Зарлага маш их хэмжээгээр өсөж, төсвийн алдагдал 2 их наядын  хэмжээнд хүрч байгааг иргэд зайлшгүй хянах ёстой. Мөн өнөөдрийн хурлаар  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан талаар ярилцаж цаашид Ардчилсан намын улстөрийн гаргах санал дээр тулгуурлаж цаашдаа зөвшилцлийн ажлын хэсэгт оролцоно гэдгээ илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийгэм дэх өнөөдрийн эдийн засгийн байдалтай холбоотой зарим тоо баримтыг дурьдсан юм. Тэрбээр, Манай улсын эдийн засаг нүүрс, зэс гэсэн хоёр эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ ханшаас шууд хамаардаг. Монгол Улсын ДНБ-ий 30 орчим хувь, нийт экспортын 90 хүртэлх хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг болохоор тэр. Энэ хоёр эрдэс бүтээгдхүүний дэлхийн зах зээлийн ханш нэмэгдвэл тээвэр, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэдэг.  Унавал  дагаад урууддаг. 2013 онд зэсийн баяжмалыг 948 сая ам.доллароор борлуулж байжээ.

Харин 2018 онд борлуулалт нь 2 тэрбум ам.долларт хүрч даруй 2 дахин өсчээ. Нүүрсний хувьд 2015 онд 555.9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.долларт хүрч  бараг 6 дахин нэмэгджээ. Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш ийнхүү өсөөд зогсохгүй, гурван жилийн хугацаанд ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам доллар орж ирж байгаа нь Монгол улсын эдийн засаг сэргэх гол шалтгаан болсон юм. Харин энэхүү эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд хүргэх бодлого явуулах нь УИХ, Засгийн газрын хийх ёстой ажил. Харин эрх баригчид маань энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна вэ? Валютын ханш чангарч, Инфляц өсч, Өргөн хэрэглээний үнэ тасралтгүй өсч иргэд бухимдалтай байгааг тэрбээр онцолсон юм. 

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан. Хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн төсөл бүр хэрэггүй болсон гэсэн үг үү?

-Ерөнхийлөгч бүхэлд нь хориг  тавьсан. Бүхэлд нь хориг тавьсныг Их хурал хүлээж авсан. Энэ нь Үндсэн хуулийг задалж ярих боломж нээгдлээ гэсэн үг. Харин үүгээр далимдуулаад зарим гишүүдийн ярьж байгаа шиг бүгдийг бусниулах оролдлого Ардчилсан намын байр суурь биш. Нэмэлт өөрчлөлт дээр олон чухал заалт байна. Хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад явах уу, эсвэл гуравдугаар хэлэлцүүлэг рүү хүчээр явах уу гэдэг нь эрх баригчдын асуудал болж хувирсан. Зөвшилцөх ажлын хэсэгт орж явна гэж бид саналаа хэлсэн. 

- Ер нь зөвшилцлийн ажлын хэсэгт ямар хүмүүс орж ажиллаж байгаа вэ?

- Ардчилсан намын эхний өгсөн тоотод ойлгомжтой зүйлүүд байсан. Ард нийтийн санал асуулга болон, хоригийн асуудлыг яах вэ гэдэг асуудлууд байсан. Одоо зөвшилцлийн хоёрдугаар үе. Зүйл заалтыг боловсронгуй болгох гэх мэт. Бид Ардчилсан намын зөвлөлөөс гаргаж буй саналын зөвлөмжийг гаргаж авах нь зүйтэй гэж үзэж байна 

-Тодорхой саналуудаа үргэлжлүүлж тавина гэсэн үг үү. Эцсийн шийдэл гаргах нь АНСА байх уу 

С.Эрдэнэ: Бид ард нийтийн санал асуулга явуулж шийдье гэсэн санал хэвээр байгаа. Гэхдээ  эрх баригчдын улс төрийн заль мэхэд автахгүй. Учир нь хоёрдугаар төслөөр ард нийтийн санал асуулга явуулах гэж байгааг зөвшөөрөхгүй. Анх оруулж ирсэн төслийн гялайж гялтайх зүйл юу ч байхгүй. Ардчилсан намын саналыг тусгаагүй, Ерөнхийлөгчийн саналыг ч хүлээж аваагүй.

Түүнчлэн засаглалын хэлбэрээ тодорхой болгоё, сонгодог парламент руу явах, сонгуулийн  тогтолцоо аль болох иргэд олон нийтэд ойлгомжтой байхаар санал тавьсан хүлээж аваагүй. Энэ саналуудыг авч хэлэлцээд зөвшөөрөөд явах бол бид зөвшилцөлд явна. Яг одоогийнх шигээ хүч түрээд явах юм бол цаашид бид оролцохгүй. 

Д.Эрдэнэбат: Нэг зүйлийг тодруулж хэлэхэд амралтын өдрүүдээр үүнтэй холбоотой явж байгаа мэдээллийг үзэхэд ерөөсөө хэлэлцүүлгийг хоёрдугаар хэлэлцүүлгээс нь задалж юу ч биш болгох санаархал их байна. Мэдээлэл тэнцвэртэй байх хэрэгтэй. Хоёрдугаар хэлэлцүүлэгт орсон ард түмэнд хэрэгтэй саналыг Ардчилсан намын зөвлөл задлахын төлөө явахгүй. Тийм юм байгаа бол эрх барьж байгаа 64 гишүүнд л байгаа байх. Тэрийг эдгээр 64 гишүүн дотооддоо учраа олох хэрэгтэй.

Харин бидний тавьж байгаа санал бол намын эрх ашиг огт ч байхгүй. Бидний тавьж байгаа санал бол сонгодог парламентыг төгөлдөршүүлэх, зарчмын амин сүнс болсон саналууд байгаа. Өөр илүү дутуу зүйл рүү бид орохгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. 

 

Эх сурвалж: УИХ дахь АН-ын зөвлөлийн хэвлэлийн алба