Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Марк Зукербэрг: Тэрбумтан болох шаардлага хэнд ч байхгүй

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг хөрөнгийн хэмжээгээр дэлхийд тавд жагсдаг. Түүнийг $70 тэрбум орчим хөрөнгөтэй гэж Блүүмбэрг агентлаг тооцоолсон байдаг.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тэр компанийнхаа ажилтнуудтай уулзахдаа нэг хүнд тэрбумаар хэмжигдэх хөрөнгө хэрэгтэй эсэх талаар ярьжээ.

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намын сунгаанд өрсөлдөж байгаа сенатор Берни Сандерс өнгөрсөн сард Америкийг тэрбумтангүй болгох татварын хатуу бодлогоо танилцуулсан юм.

Сандерс ярихдаа “ер нь тэрбумтан гэж ойлголт байх ёсгүй” гэж хэлж байжээ.

Фэйсбүүкийн нэг ажилтан Зукербэргээс энэ тухай асууж хариулт авсан байна.

“Нэг хүнд хэр их хэмжээний мөнгө байх ёстой талаар надад мэдэх юм алга. Гэхдээ ийм хэмжээний мөнгөтэй байх хэрэгцээ хэнд ч байхгүй гэж би бодож байна” гэж Зукербэрг хариулжээ.

Тэрээр Фэйсбүүкийн хувьцааныхаа 99 хувийг бусдын сайн сайхны төлөө зарцуулахаа амлаад удаж байгаа юм.

“Хэрвээ хүн сайн ажиллавал шагнал хүртэх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хэт их хөрөнгө хуримтлуулах нь байж боломгүй зүйл” гэж тэр хэлсэн байна.

Пүрэв гарагт болсон компанийн дотоод арга хэмжээгээ Зукербэрг анх удаа олон нийтэд шууд дамжуулж үзүүлсэн юм. Өнгөрсөн долдугаар сарын ийм дотоод уулзалтынх нь аудио бичлэг саяхан задарсны дараа тэр ийм арга хэмжээ авсан байна.

“Фэйсбүүк дээр болдог манай дотоод асуулт хариултын цаг бол миний дуртай уламжлалт арга хэмжээ. Энэ долоо хоногийн эхээр нэг уулзалтын маань бичлэг онлайн орчинд тарсны дараа ер нь манай арга хэмжээ хэрхэн болж өнгөрдгийг би хүмүүст үзүүлье гэж бодлоо” гэж Зукербэрг өөрийн фэйсбүүк хуудсанд мэдэгдэж байв.

Зукербэрг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан Намаас өрсөлдөж байгаа Элизабет Уоррены талаар таагүй үг хэлсэн нь алдагдсан бичлэгээс ил болсон юм.

Фэйсбүүк компанийн монополийг халахын тулд тус компанийг задлах ёстой гэж үздэг Уоррен АНУ-ын ерөнхийлөгч болох юм бол Зукербэрг “дэвжээнд гарч, түүнтэй тулалдана” гэж ярьж байжээ.

 

Эх сурвалж: CNN