Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ыг хандлагаа өөрчилтөл хэлэлцээ хийхгүй гэдгээ Умард Солонгосын тал мэдэгдэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Вашингтон, Пёньяны төлөөлөгчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр Шведийн нийслэлд уулзсан билээ.

АНУ-ын тал хуучин хандлага, дайсагнасан уур амьсгалаа өөрчлөөгүй, гар хоосон ирснээс уулзалт үр дүнгүй болсныг Умард Солонгосын тал сүүлд мэдэгдсэн юм. Харин АНУ-ын тал яриа хэлэлцээ үр дүнтэй болж, хоёр долоо хоногийн дотор дараагийн уулзалтыг хийх болсноо мэдээлсэн байна.

Тэгвэл Ням гарагт Умард Солонгосын гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа АНУ-ыг худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байна хэмээн буруутгажээ.

Вашингтон хандлагаа өөрчлөх хүртэл дахин ийм “ой гутам уулзалт”-д оролцохгүй гэдгээ Пёньян уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд энэ оны хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд уулзсаны дараа Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээ мухардалд орсон юм.

Пёньян цөмийн зэвсгээ бүрэн хураалгах хүртэл эдийн засгийн хоригоо зөөлрүүлэхгүй гэсэн хатуу байр суурийг Вашингтоны эрх баригчид баримталж байгаа.

Харин Умард Солонгосын тал эдийн засгийн хоригийг алхам алхамаар цуцалсны хариуд цөмийн зэвсгээсээ мөн алхам алхмаар татгалзах нөхцлийг тавьж байгаа юм.

Ийнхүү талуудын яриа хэлэлцээгээ сэргээх оролдлого дахин бүтэлгүйтэж байна.

 

Эх сурвалж: Associated Press