Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Украин улс Жо Байдены хүүтэй холбоотой компанийн хэргийг дахин шалгахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сард Украины ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа өөрийн өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч асан Жо Байдены хүүгийн компанитай холбоотой хэргийг дахин шалгахыг хүссэн нь батлагдаад байгаа.

Тэрээр Володимир Зеленскийд шахалт үзүүлэхийн тулд АНУ-аас Украинд үзүүлэх $400 саяын тусламжийг хойшлуулсан гэгдэж байна.

Трампын хууль зөрчсөн үйлдлийг шалгах ажлыг конгресс эхлүүлээд байгаа.

Тэгвэл Украин улсын ерөнхий прокурор өчигдөр Жо Байдены хүү Хантер Байдентай холбоотой эрчим хүчний компанийн хэргийг сэргээн шалгахаар болсныг мэдэгджээ.

Байгалийн хийн Бурисма компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр Хантер Байден ажилладаг. Обамагийн засаг захиргааны үед дэд ерөнхийлөгч байсан Жо Байден хүүгийнх нь компанийг шалгаж байсан прокурорын ажлыг зогсоолгохын тулд Украины засгийн газарт нөлөөлсөн гэх цуурхал яригддаг.

Энэ цуурхлын үнэн эсэхийг шалгуулснаар 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөх магадлалтай байгаа Жо Байдены нэр хүндийг унагана гэж Трамп тооцоолсон байна.

Украины ерөнхий прокурор Руслан Рябошапка тус компанитай холбоотой шийдэгдсэн болон хаагдсан нийт 15 хэргийг дахин шалгах болсныг сэтгүүлчдэд мэдэгджээ.

Гэхдээ эдгээр нь Жо Байдены хүүтэй холбоотой гэсэн үг биш гэдгийг хэлсэн байна. Наймдугаар сард шинээр томилогдсон Рябошапка “Бид өмнөх ерөнхий прокурорын үед хэргүүд үнэн зөв шийдэгдсэн эсэхийг дахин шалгана” гэж ярьсан юм.

Украины эрх баригчид өмнө нь Бурисматай холбоотой хэргүүд нь Хантер Байденыг тус компанийн удирдах зөвлөлд орохоос өмнөх цаг үетэй холбоотой болохыг мэдэгдэж байв.

Бурисма нь Украины байгалийн хийн томоохон компани бөгөөд тус улсын хувийн эзэмшлийн хамгийн том байгалийн хий үйлдвэрлэгч юм.

 

Эх сурвалж: AFP